МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23

Т.Энхтүвшин: Хамтын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлье

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Эдийн засгийн чөлөөт бүсийн талаар яриад 27 жил шахам болж байна. Энэ хугацаанд чөлөөт бүсэд ахиц дэвшил гарсангүй. Саяхан эдийн засгийн чөлөөт бүсийнхээ хуулийг баталлаа. Одоо хоёр улсын хэлэлцээрээ яаралтай батлаад явах ёстой. Тэгэж байж эдийн засгийн эргэлтэд оруулж, экспорт импортоо сайжруулах зайлшгүй шаардлага байна.

Энэ хугацаанд улс төржөөд бие биенээ хардаж сэрдээд эдийн засгийн хэлэлцээр маань яваагүй. Одоо яаралтай хэлэлцээрээ батлаад, энэ хэлэлцээрийг баталснаар Монгол Улсын баримтлах бодлого чиглэл тодорхой болно. Цаад улстайгаа яаж хамтын ажиллагаатай чөлөөт бүсээ хийх вэ гэдэг зарчмын асуудал нь тодорхой болох учир хурдан батлаад явах ёстой гэсэн байр суурьтай байна. Цар тахлын үед импортын ачаа эргэлт удаарширч өдөр тутамд хэрэглэдэг бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ.

Тиймээс тээвэр ложистикоо хөгжүүлэх, импортоор орж ирдэг бараа эргэлтээ нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Цар тахал малын болон хүний гоц халдварт өвчлөл нэмэгдэж байна. Цаашид бид экспортоо чөлөөт бүсээрээ дамжуулж хийх юм бол илүү хурдан нэмэгдэх бололцоо бий гэдгийг хэлмээр байна. чөлөөт бүсэд газар авсан олон аж ахуй нэгж  байгаа юм байна. эдгээр аж ахуйн нэгж бүтээн байгуулалтаа хийе гэхэд эрх зүйн орчин дутмаг байсан.

Хоёрдугаарт хамтын ажиллагааны хэлэлцээр батлагдаагүйгээс болж хийж чадаагүй. Одоо хэлэлцээр батлагдахаар тэнд газар авсан аж ахуйн нэгж үндсэндээ 380 тэрбумын хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээ барих бололцоо боломж гарах юм байна гэж харж байна. Tиймээс оруулж ирсэн хэлэлцээрийг дэмжиж байна.

 Цаашдаа ч гэсэн чөлөөт бүсдээ онцгой анхаарч хөгжүүлж байж өдөр тутмын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн хямдрах юм байна. гадагшаа гаргадаг экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүн нэмэгдэнэ гэдэгт онцгой анхаарч ажиллавал сайн байна. Хамтын хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ