МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Парламент дахь  жинхэнэ “АРДЧИЛАЛ”
2021.12.10
Хүний эрх

Парламент дахь жинхэнэ “АРДЧИЛАЛ”

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна. 

Монгол улс тэртээ 32 жилийн өмнө нэг намын дарангуйллыг тайван замаар халж, хүний эрхийг бүрэн хангасан, эрх чөлөөт нийгэм, зах зээлийн эдийн засагтай болох замыг сонгож, түүхийн цоо шинэ хуудсыг нээсэн. 

Хүний эрхийн амин сүнс нь АРДЧИЛАЛ. Харин ардчиллын сүнс нь ардчилсан дуу хоолой билээ. Улс төрийн ертөнцийн ардчилсан дуу хоолой болж, чанга зоригтойгоор дуугарч чадаж буй цөөн хүний нэг нь АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл. 

Тэрээр нэгэн ярилцлагадаа “Улс төрийн намыг би амьд организм гэж ойлгодог. Амьд организм гэдэг бол олон элементтэй, энэ элементүүд нь өөр өөрийн зорилго, үүрэгтэй. Яг л хүнд байдаг уураг тархи, элэг, зүрх, бөөр шиг олон зүйлээс тогтож таарна” хэмээсэн нь бий. Тэгвэл тэрээр энэ цаг үед Ардчилсан нам хэмээх организмын  зүрх нь болж, организмынхаа төлөөнөө хором ч амсхийлгүй цохилж явна. 

О.Цогтгэрэл Ардчилсан намын залгамж халаа, хүний нөөцийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд анхаарах ёстой гэдгийг соргог анхаарч энэ талаар ч үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг. Улс төрийн нам гэдэг намын тамгыг, намын даргыг хэлсэн явцуу үзэл бус, улс орныхоо хөгжлийн төлөөх үзэл санаа, үйл хэргээр нэгдсэн бүлгийг хэлдэг. Талцаж хуваалцан, өвөр зууртаа толхилдон явсан Ардчилсан нам 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн төлөөлөгчдөө цуглуулан намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон.

Түүнийг намын дарга болсны дараа ядарч яваа ардчилсан нам нь зөв хүнээ дагалаа гэсэн үгс хөвөрсөн нь ч хов жив гэхээс илүү хоржоонтой үнэн тодорхойлолт байлаа. 

Ардчилсан гэх тодотголтой намынхаа үнэт зүйл, үзэл баримтлал, соёлыг үргэлжлүүлэх орон зайг нөхөх эзэнтэй байж цаашилна гэдгээ ойлгосон гишүүд нь зөв хүнээ олж намаа “даатган” удирдуулахаар шийдсэн нь гагц намынхаа гэхээс илүү улс орныхоо ирээдүйг ч бодолцсон олны шийдвэр байлаа. 

Улсын Их Хурлын чуулганы танхимд үзэл бодол, шүүмжлэлээ шударга, зоригтой, чөлөөтэй илэрхийлж чаддаг, сөрөг хүчин болсон О.Цогтгэрэл гишүүн ганцаараа ч гэсэн хангалттай “сөрөг хүчин” болж чадахаар нэгэн. Цар тахлыг далимдуулан гарч буй хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, хязгаарлаж, хааж боомилсон олон шийдвэрүүд гарч, түүнээс нь урган гарсан алдаа завхрал хэрээс хэтэрч байгааг шударгаар хэлж чадах, шүүмжилж чадах хүн зөвхөн ардчилсан намд гэлтгүй ард түмэнд ч хэрэгтэй.

Энэ хүсэлт, хүлээлтийг хангаж амласнаа ажил болгож яваа О.Цогтгэрэлийг Монгол Улс дахь, Улсын Их хурлын танхим дахь цэвэр “ардчилсан дуу хоолой”, “жинхэнэ ардчилсан үзэл” хэмээн тодорхойлоход эсэргүүцэх нэгэн гарахгүй биз. 

“О.Цогтгэрэл: Бидний үнэт зүйл, үзэл баримтлал хэлбэрэлтгүй тодорхой. Өнөөдөр бидний өмнө үзэл санаа, үйл хэргээ яаж энгийншүүлж ойлгуулах вэ? Энгийн нэгэн иргэн танд өгөөжтэй юм гэдгээ, эрх мэдлийг, эрх чөлөөг иргэн танд нь өгөх гэж байгаа юм гэдгээ яаж гарт нь бариулж, нүдэнд нь харуулж, олонхийн талд гарч зогсох вэ? гэдэг асуултад хариулах цаг нь болжээ” – Онц их хурлын илтгэлээс ... 

 

Олон улсын хүний эрхийн өдөр Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг онцлохын учир нь Монгол Улс эрх чөлөөт, тусгаар тогтносон байдлаа мөнхөд хадгалж, иргэд эрх чөлөөгөө бүрэн эдлэх баталгаа болсон ардчилал, шударга ёсыг хадгалан хамгаалагч болсон хүн эрх барих дээд байгууллагад бий гэдгийг батлан буйг үг, үйлдлээс нь мэдэрсний учир билээ. 

Одонгийн Цогтгэрэл Ардчилсан намын зүрх болж, ардчилал, хүний эрхийн асуудал түүний зүрхэн тушаа оршиж буй.

ШИНЭ МЭДЭЭ