"Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв"
2021.12.08
Улстөр

"Авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв"

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй МАН-ын 30 дахь хурлаас гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа. 


-МАН-ын их хурал боллоо. Хурлаас МАН дүрэмдээ өөрчлөлт оруулахаа мэдэгдлээ. Ингэснээр авлигаас ангид байж цэгцэлж чадах уу. Намын гишүүддээ тооцох хариуцлага сайжирч байна гэж ойлгож болох уу?

-Эрх баригч намын хувьд авилгатай хийх тэмцлийг нам дотроосоо хийх нь зөв юм. Төрийн болон улс төрийн албанд МАН-аас сонгогдон болон томилогдон ажиллаж буй албан тушаалтнуудаасаа эхлээд намын гишүүддээ ёс, хариуцлага тооцож ажиллахыг ард иргэд шаардаж байна. Тэгэх нь ч зөв. Эрх баригчид өөрсдийгөө хуулиас гадуур өнгөрөөж, намын гишүүн гэдгээр хаацайлан үлдээж болохгүй. Тийм учраас дүрэмд авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд намаас түдгэлзүүлэх, намын гишүүн нь авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол намын удирдах байгууллагад сонгогдох, бүх шатны сонгуульд намын нэрийн өмнөөс нэр дэвших эрх эдлэхгүй байхаар нэмэлт өөрчлөлт орууллаа.

Өөрөөр хэлбэл авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд МАН дахь улс төрийн карьер нь дуусна гэсэн үг.

“Ардын намд авилгачдын орон зай байхгүй” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн мэдэгдэл чухам үүнийг хэлж байгаа юм. Мөн МАН-ын “Авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх, намын үйл ажиллагаанд санхүүгийн ил тод байдлыг нэвтрүүлэх, санхүүгийн тайлан, мэдээллийг олон нийтэд ил тод болгож иргэддээ тайлагнадаг журмыг хэрэгжүүлнэ. Намын Авлигын эрсдлийн үнэлгээ хийх журмыг боловсруулж хэрэгжүүлнэ гэх мэтээр авилгын эсрэг намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулах олон ажлыг энэ Их хурлын шийдвэрээр хийх боллоо.

Ингэж нам бүр дотооддоо авилгын эсрэг хатуу тэмцэж чадвал Монгол төрд авилгач түшмэл гарах боломжгүй болно.

-Хурлаар хүний эрхийн талаар цогцоор ярьж байна. Хүний эрхтэй холбоотой 800 гаруй хуульд засвар хийнэ гэдгээ ч мэдэгдлээ.  Ингэснээр бодит байдал сайжрах уу. Хүний эрхийн зөрчил өнөөдөр хурцадмал байна. Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө торгодог, хууль шүүхээр айлгадаг байдал гарч байна. Үүнд та юуг хэлэх вэ?

-МАН-ын 30 дахь Их хурлаас “Хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт” бодлогоо зарлаж дөрвөн заалт бүхий тогтоол баталсан. Нэгт, намаас сонгогдож томилогдсон, улс төрийн болон төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын харилцаа хандлагад өөрчлөлт оруулж, хүний эрхийг дээдэлсэн соёлыг нэвтрүүлэх, хоёрт, нийгмийн харилцааг зохицуулж буй 318 хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй байж болзошгүй, цаг хугацааны хувьд хоцрогдоод байгаа заалтуудыг өөрчлөх, гуравт, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу МАН нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх ажлыг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлыг даруй эхлүүлэх, дөрөвт, хүний эрхийн мэдрэмжтэй, бусдын эрхийг хүндэтгэдэг, иргэдийг төлөвшүүлэх, хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллага дахь хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах ажлыг эхлүүлэх, багш нарыг чадавхжуулах, оюутан залуусын үүсгэл санаачлагыг дэмжих чиглэлээр боловсролын байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудын хооронд хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг намын дэргэдэх ТББ-уудад үүрэг болгох гэсэн ажлуудыг хийхээр боллоо.

-МАН цахим нам болно гэж байна. Онцлог нь юу юм бол. Намын гишүүдийн мэдээлэл, сонгуулиар цуглуулдаг хандив зэргийг цахимжуулна гэсэн үг үү? 

-Дэлхийн улс төрийн намууд цахим шилжилтийг хурдтай хийж байна. Цахим шилжилт нь сонгогчдод хөтөлбөрөө шуурхай, хялбар хүргэх,  иргэдийн санал хүсэлтийг авах, сонгуулийн сурталчилгааг цахимаар явуулах боломжийг улс төрийн намуудад өгч байгаа юм. Ингэснээр эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн оролцоо нэмэгдэж, нам шилэн болж санхүүжилт, тайлангаа ил тод мэдээлэх, сонгуулийн зардлыг бодитойгоор бууруулах эерэг үр дүнг авчирч байна. Тийм учраас МАН 2018 оноос эхлэн "цахим нам" болох ажлыг үе шаттай хийж ирлээ. Дэлхийд цахим хөгжлөөрөө тэргүүлж байгаа ХБНГУ-ын Социал Демократ нам, Бүгд Найрамдах Турк улсын Шударга ёс хөгжлийн нам, Их Британий Хөдөлмөрийн нам болон Австралийн Хөдөлмөрийн намуудын цахим шилжилтийн ололт амжилтаас туршлага судлаж, цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлсний үндсэн дээр цахим намын платформаа амжилттай хийж, цахим нам боллоо. Жишээ нь намын үйл ажиллагааг цахимаар явуулах, E-NAM аппликейшний 1.0 хувилбарыг амжилттай хэрэгжүүлсэн, одоо дараагийн 2.0 хувилбарт шилжих ажлууд хийж байна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудаар кампанит ажлын дийлэнх зонхилох хэсгийг цахимаар явуулсан.

-МАН-ын Их хурлыг дүгнэвэл, ямар онцлогтой болов?

-Энэ удаагийн Их хурал албаны нэг хэв маягаар явагддаг өмнөх их хурлуудтай харьцуулахад бодлогын хэлэлцүүлэг байдлаар явагдлаа. Мөн хуучны их хурлууд сэтгүүлчдэд нээлттэй бус, албаны хязгаарлагдмал мэдээллийг нэг талын байр сууринаас тараадаг байсан бол энэ удаа сэтгүүлчдэд нээлттэй, хурлын бүх үйл ажиллагаа нь телевизийн болон сайтуудын шууд дамжуулалт дор явагдлаа. Их хурлын бүх үйл ажиллагаа шинэ технологиуд ашиглан явагдсан. МАН их хурлын төлөөлөгчдөө нүүрээр нь таньж нэвтрүүлэх систем ашиглан, Е-нам гэсэн аппликэйшнээр бүртгэн, мэдээллүүдээ гар утсаараа хүлээж аваад хуралдаа орж байна.

Товчоор дүгнэвэл МАН мэдээллийн технологийн эринд намын Их хурал ямар байх ёстой жишгийг тогтоосон хурал болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд, улс төрийн хүрээнд удаан яригдаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та харж байна уу?

-Их хурлын хөтөлбөрөөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар албан ёсны илтгэл, хэлэлцүүлэг явагдаагүй. УИХ-ын дарга Г. Занданшатар “Парламентыг төгөлдөршүүлэх нь” сэдвээр тавьсан илтгэлдээ өнөөгийн парламентын тогтолцоог боловсронгуй болгож сонгодог парламентын засаглалыг бий болгох тухай асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, парламентын үндсэн чиг үүрэг болох хууль тогтоох, хяналт шалгалт хийх, төлөөлөх чадавхийг сайжруулах талаар дурьдсан.

-МАН Их хурлаас гарсан шийдвэрүүд хэр зэрэг амьдралд нийцсэн, бусад намаас илүү онцлогтой шийдвэрүүд гаргаж чадсан уу?

-МАН-ын 30 дахь Их хурлаар намын бодлогын томоохон шинэчлэл хийлээ. Эдийн засгаа сэргээх "Шинэ сэргэлтийн бодлого"-уудаа зарлав. Намын хөтөлбөртөө тодотгол хийж социал демократ намын үнэт зүйл, үзэл баримтлалыг бүрэн тусгаж хүний эрх, нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчны салбарт баримтлах бодлогоо "Шинэ эрин дэвшилтэт бодлого" гэж шинээр томьёоллоо. Хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулах нь МАН-ын социал демократ үзэл баримтлал бүхий мөрийн хөтөлбөр болох "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-ын гол зорилт байх юм. Мөн хурлаар хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого, Авилгын эсрэг тэмцэх дэвшилтэт бодлогуудаа тус тус зарлаж, хийх ажлуудаа тодорхой болгосон.

ШИНЭ МЭДЭЭ