2021.11.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнхцэцэг: Сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах зохицуулалт байхгүй

ЕБС-ийн орчин дахь хүүхдүүдийн дээрэлхэлт, гадуурхалт, бүлэг зодооны асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг eguur.mn сайтад ярилцлага өгсөн юм. 

Тэрбээр "Сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт гарахаас хамгаалах зохицуулалт манай ЕБС-иудад байхгүй байна. Гэтэл АНУ-ын сургуулиудад энэ тухай зохицуулалт маш хатуу байдаг. Тухайлбал, хүүхэд хамгаалал, ЕБС дахь ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлтийн эсрэг алба маш үр дүнтэй ажилладаг. Мөн сургууль бүрийн ёс зүйн болон дресс код их хатуу байдаг.

Сургууль дээр ёс зүйн алдаа гаргасан, ямар нэг үндэстэн, шашин, улс төрийн үзэл бодол, бэлгийн чиг хандлагыг доромжилсон үг хэрэглэх, үйлдэл гаргавал нэг хоёр удаа сануулаад сургуулиас хөөх дүрэм нь Ohio мужийн хэмжээнд хатуу үйлчилдэг.

Хүүхэд шилжиж ирэхэд юуны түрүүн ёс зүйн кодексуудыг танилцуулж, ямар нэг дээрэлхэлт, ялгаварлалтад өртвөл хаана хандах, гомдол хэрхэн гаргахыг зааж өгдөг байх ёстой. Улс орнуудын ийм сайн жишээг бид боловсролын тухай хуулиуддаа тусгамаар байна.

“ЕБС-ийн сургууль бүр ёс зүйн кодекстэй байна, хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын алба ажиллана” гэх мэтийн заалтуудыг оруулахаар зүтгэнэ. УИХ-д өргөн барьсан багц хуулинд ийм заалтууд огт байхгүй байгаа юм" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ