МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: Коксоо гаргачихвал гурван жилийн дараа дотоодынхоо арматурын хэрэгцээг бүрэн хангадаг болно
2021.11.29
Барилга, Хот байгуулалт

Т.Энхтүвшин: Коксоо гаргачихвал гурван жилийн дараа дотоодынхоо арматурын хэрэгцээг бүрэн хангадаг болно

Цаг үеийн асуудлаар болон барилгын гол нэрийн бүтээгдэхүүний импортын асуудлаар УИХ-ын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшинтэй ярилцлаа.

-Улсын төсөв батлагдлаа. 2022 оны төсвийг зарим улстөрчид болон эдийн засагчид хэт өөдрөг, амьдралаас тасарчихсан төсөв боллоо гэж шүүмжлээд байгаа. Таны хувьд ирэх оны төсвийг хэрхэн батлагдсан гэж харж байна?

-Төсвийг сайн боллоо, муу боллоо гээд дор бүрнээ л санал бодлоо хэлэх нь тэр хүмүүсийн эрх. УИХ юутай ч төсвөө батлаад авлаа. Ерөнхий зургаар нь харвал ирэх оны төсвийн ихэнх хөрөнгө оруулалт нь боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулагдахаар болж байгаа. Үүн дээр нэмээд цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх, томоохон мега төслүүдээ төр хувийн хэвшлийн түншлэл дээр явуулах зарчмаар хөрөнгө оруулалт нь төсөвт тусгагдаж батлагдсан. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг тэлэх, орлогыг сайжруулах бололцоо боломжийг нээж өгсөн төсөв болсон.

-Сая батлагдсан төсвөөс онцлоод хэлчих зүйл юу байна?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь орон нутагтаа үлддэг болсон. Энэ хууль шинээр батлагдаад хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Тэгэхээр энэхүү хувь сум, орон нутагтаа үлдэж байна гэхээр аймаг, сумдын Засаг дарга нарын санхүүгийн эрх мэдэл тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Орон нутгийн сан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бас аймгуудад нэмж өгсөн. Мөн малын хөлийн татвар авдаг болсон. Энэ мэт сум, орон нутагтаа үлдэж байгаа хөрөнгө нэмэгдсэнээр захиран зарцуулах, өөр бүтээн байгуулалтын ажил хийх зэрэг нь тухайн орон нутгийн өөрсдийнх нь асуудал болчихож байгаа юм.

-Засгийн газраас орж ирсэн төсвийг УИХ-аараа хянаж хэлэлцээд баталдаг. Тэр утгаараа сүүлийн үед “Богд Зонхов” төслийг 32 тэрбум төгрөгөөр барихаар төсвөө батлуулжээ. Энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулахаас гадна УИХ орж ирсэн төсвөө хянаж чадахгүй байна уу, эсвэл төсвийн хулгай байв уу, түүнийг нь гишүүд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөв үү гэсэн хардлага хүчтэй явж байна. Та үүнийг мэдсэн үү?

-Энэ төсөл төсөвт орж ирснийг мэдсэн л дээ. Энэ төсөл 2021 оны төсөвт таван тэрбум төгрөгийн өртөгтэй суугдчихсан байсан. Харин 2022 оны төсөв дээр нэмэгдсэн өртөг нь 27 тэрбум болж орж ирснээс ирэх жил 10 тэрбум төгрөгийг нь гарахаар төсөвт орж ирсэн байсан. Тэгэхээр юуны өмнө таван тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл яагаад 32 тэрбум болсныг маш сайн нягтлах хэрэгтэй. Хамгийн эхэнд. Би Барилгын хөгжлийн төв үүн дээр магадлан хийсэн байна гэж харсан. Тэр утгаараа магадлан хийсэн байгууллага энэ төсөл дээр зөв магадлан хийсэн үү, эсвэл хэт их үнийг нь нэмэгдүүлээд магадлан хийсэн үү гэдгийг шалгах шаардлагатай.

-Энэ төсөл УИХ-аар ороод Төсвийн хуулиараа батлагдчихсан зүйл, тийм үү. Одоо үүнийг Засгийн газар царцаая гэж байна. Тэр дундаа салбар хариуцсан сайд нь хөрөнгийг нь зогсооно гэж мэдэгдсэн. Эрх зүйн хувьд батлагдсан төсвийг зогсоох, царцаах эрх мэдэл сайд, Засгийн газарт байдаг уу?

-УИХ-аас батлагдсан тогтоол, хуулийг хэн нэгэн сайд ч юм уу хэн нэг гишүүн зогсооно, царцаана гэсэн зүйл байхгүй. Бүхэл бүтэн 2022 оны Төсвийн тухай хууль болоод батлагдаад гарчихсан асуудал. 2021 онд энэ төсөлд таван тэрбум төгрөг суулгаад батлагдсан. 2021 оны төсвийг 2020 онд баталдаг шүү дээ. Тэгэхээр 2020 онд таван тэрбум гээд төсвийг баталчихсан, ажил нь эхэлчихсэн асуудал.

Яагаад ингэж өндөр үнээр төсөв нь нэмэгдчих вэ гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. Үнэхээр авлигажсан төсөв байх юм бол хөрөнгийг нь хасаад боломжид бодит хөрөнгөөр нь энэ ажлыг дуусгах ёстой. Тэгэхгүй бол энэ төсөл өндөр өртөгтэй байна, гацаана, зогсооно гээд асуудлыг гацаачихвал татвар төлөгчдийн таван тэрбум төгрөг хоосон газарт цемент болоод л үлдэнэ.

Тиймээс хөрөнгийг нь тодорхой болгоод төслийн ажлыг дуусгах хэрэгтэй. Ер нь анх яах гэж тухайн төслийг оруулж ирсэн юм бэ гэдэг дээр би хувьдаа эргэлзэж байна. Цар тахалтай жил, эрүүл мэндийн салбартаа ч гэдэг юмуу илүү үр өгөөжтэй зүйл рүү энэхүү төсвийг хандуулахгүйгээр бурхан шашны хөшөө дурсгал босгоно гээд оруулж ирсэн нь буруу л гэж үзэж байна. 2022 оны төсөв Засгийн газраас орж ирэхэд нь үүнийг харж байсан. Тухайн үед энэ төсөл 2021 онд эхэлсэн, одоо ингээд үргэлжилж байгаа юм байна л гэж харсан. Одоо царцаая, зогсооё гэвэл Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавина. Үүнийг нь УИХ хэлэлцэн батлаж байж энэхүү асуудал шийдэгдэх ёстой.

-Барилгын гол түүхий эд болох цемент болон арматурын төмрийн эрэлтийн асуудал барилгын компаниудад хүндээр тусаж байна. Урд хөрш хилээ хаачих л юм бол Монгол дахь барилгын ажил үндсэндээ зогсож байна шүү дээ. Ирэх жил арматур бас л дутах юм билээ. Энд чиглэсэн бодлого зохицуулалт Их хуралд байна уу?

-Ер нь манайх дотооддоо цемент үйлдвэрлээд хэрэгцээгээ 100 хувь хангаж чадаж байгаа. Харин арматурын төмрийн үйлдвэр байхгүйгээс бид гаднаас импортлон авдаг. Орос болон БНХАУ-аас л авна. Барилгын материалуудын 80 хувийг манай улс гаднаас буюу хоёр хөршөөсөө л авч байна. Үүнээсээ болоод манайд барилгын материалын үнэ, орон сууцны үнэ өндөр байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Цаашид барилгыг хямдруулъя гэж үзэж байгаа бол арматураа бид дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай. Бусад барилгын материалуудаа өөрсдөө үйлдвэрлэж байж барилгын үнэ буурна. Тэгэхгүй бол өнөөдөр хэт их нэг улсаас хараат болчихоор үнийн өсөлтийн дарамтад орчихоод байна. УИХ төр засгийн зүгээс энэхүү хүндрэлээс гарахын тулд хүнд үйлдвэрийн салбар болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжих нь хамгийн чухал.

-Цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа шиг арматурын төмөр үйлдвэрлэж байгаа газар бий юү. Цэвэр арматурын төмөр гэсэн үг шүү дээ.

-Цементийн гурван том үйлдвэр байна. Арматурыг ч үйлдвэрлээд эхэлчихсэн байгаа. Дорноговь аймагт төмөр угаах, коксын үйлдвэр, ширэмний үйлдвэр баригдаж байна. Кокс гарчих юм бол төмрөө шатаагаад арматур хийх бүрэн боломжтой. Эдгээр үйлдвэрүүд хоёроос гурван жилийн дараа ашиглалтад орно. Тэгэхээр гурван жилийн дараа монголчууд өөрсдөө арматур үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болно. Энэ талын төрийн бодлого, тооцоолол, ажлын хэсэг гарчихсан ажлууд нь явж байна.

-Арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг УИХ-аас томилж, ахлагчаар нь Х.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий гишүүд энэ чиглэлээр ажилласан. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан. Энэ асуудлаар ямар бодлого зохицуулалт хийсэн бэ?

-Энэхүү ажлын хэсэг 100 гаруй объект, тэр дундаа сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг магадлангаар оруулж, 2022 оны төсөвт үнэ өртгийг нь нэмэгдүүлэн суулгуулж өгсөн. Барилгын материал, барилга байгууламж, орон сууцны үнийг тогтвортой болгоё гэвэл томоохон үйлдвэрүүдээ ашиглалтад оруулах шаардлагатай.

Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, цэвэр арматур үйлдвэрлэх нөхцөлийг бий болгож, төмрөө өөрсдөө хийдэг болох ёстой. Ажлын хэсгийн хүрээнд бид арматур болон барилгын хөөсөнцөр үйлдвэрлэгчидтэй цахимаар холбогдсон.

Энэ үеэр арматур үйлдвэрлэгчид төрөөс хөнгөлөлттэй зээл, эрчим хүчний хөнгөлөлт, түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл олгон дэмжихийг хүссэн. Мөн хөөсөн полистирол хавтангийн түүхий эд нь аюултай бүтээгдэхүүний жагсаалтад орсон тул БНХАУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэхгүй байгаа юм билээ. Үүний улмаас түүхий эдийг татан авч чадахгүй байгаа тул улсын хилээр нэвтрүүлэх асуудалд анхаарахыг хүсч байсан.

Цар тахлын улмаас импортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүссэнээр барилгын материал болон түүхий эдийн үнэ 80 орчим хувиар нэмэгдсэн. Үүний улмаас барилга, бүтээн байгуулалтын ажилд хүндрэл үүсээд байгаа. Гадаад худалдаа, боомт хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, мэдээлэл сонссоны дараа байнгын хорооноос дээрх асуудлуудыг шийдвэрлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Энэ талаар Засгийн газар идэвхтэй ажиллана байх.

-Эрээн хаагдаа л бол Монголд бүх юмны үнэ өсч байна шүү дээ. Хилийн боомтууд, тэр дундаа Эрээн хэзээ хилээ нээхээр байгаа вэ?

-Эрээний хил удахгүй нээгдэнэ. Ирэх сарын эхээр нээгдчих болов уу гэж харж байгаа. Эрээн-Замын-Үүдийн хилийн нойл цэг дээр чингэлэг тээврийн ачааг шүлжүүлэн ачдаг терминал байгуулж байна. Нэг ёсондоо Хятадын талаас чингэлгээ тэрхүү цэг дээр авчраад бид наашаа дамжин зөөнө гэсэн үг. Энэхүү терминал ашиглалтад орчихвол манай улс руу орж ирэх ачаа тээвэр саадгүй болно. Эхний ээлжиyд 50 чингэлэг бууна. Цаашдаа 100, 200 чингэлэг гэх мэтээр нэмэгдээд явахаар байгаа.

Бусад боомтууд, тухайлбал Ханги Мандалын боомт хэвийн ажиллаж байгаа. Түүгээр нүүрс, төмрийн хүдэр зэрэг өдөртөө 100 орчим машин гарч байна. Цаашдаа хил гааль, боомтуудын үйл ажиллагаа хэвийн болчих дүр зураг харагдаж байгаа. Нүүрсний гарц бас нэмэгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудаар ажиллаад ирсэн. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 600 гаруй машин гарч байна. Энэ бүхнээс харахад хил гаальтай холбоотой асуудал цэгцэрчих болов уу гэсэн бодолтой байгаа.

-Саяхан танай намын Удирдах зөвлөл хуралдаж Их хурлынхаа товыг зарлах шиг боллоо. Мөн хурлаараа Шинэ сэргэлтийн бодлогоо хэлэлцсэн. Энэ талаар товч тайлбар өгөхгүй юү?

-Шинэ сэргэлтийн бодлого гэж УИХ-ын гишүүдэд танилцуулсан. Энэ бол ерөөсөө л том төслүүдээ хөдөлгөе гэж байгаа юм. Иргэдээ ажилтай орлоготой байлгая. Тухайлбал, таван толгой дээр эрчим хүчний станцаа барья. Нүүрс угаах, баяжуулах үйлдвэрээ байгуулъя. Ханги Мандал Зүүнбаянгийн төмөр замаа тавья, Хөөт Бичигтийн төмөр замыг барьж дуусгая гэж. Энэ ажлуудыг зуун хувь төрөөс хийнэ гэж байгаа юм биш.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр эдгээр төслүүдээ хэрэгжүүлье гэсэн зарчмаар л энэхүү шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих юм. Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагшаа зөөх биш, аль болох боловсруулж, нэмүү өртөг шингээсэн, ажлын байр бий болгосон ийм үйлдвэрүүдтэй л болъё гэж байгаа юм. Ингэхдээ төр оролцох биш хувийн хэвшлээ л дэмжье, төрийн зүгээс бодлогоо л тодорхой болгоё гэсэн үндсэн зармаар л явж байна.

Манайд нэг юм хийх гэж олон зөвшөөрөл, бөөн хүнд суртал болдог. Тэр тундаа дунд, доод шатанд энэ хүнд суртал их байдаг. Тиймээс энэхүү хүнд суртал гаргаад байгаа төрийн байгууллага болон албан тушаалтнуудтай тэмцье, улмаар хүн бүр чадах чадах зүйлээ хийж, баялаг бүтээдэг улс болъё л гэж байгаа юм. Том мега төслүүд хөдөлж байж дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө. Энэ бодлогын гол зарчим бол ерөөсөө л ийм байна.

-Банкны хувьчлалын тухай хуульд өөрчлөлт орсон. Сүүлийн үед Хаанбанкны хувьчлалтай холбоотой асуудал нийгэмд шуугиан тарьж байна. Энэ асуудлыг та хэрхэн харж байна?

-Хувьчилсан гэж яриад байгаа болохоос биш яг авчихсан, хувьчилчихсан нь тодорхойгүй л юм байна лээ. Сүүлд таны хэлснээр Банкны тухай хуульд өөрчлөлт орсон. Манайд голлох системийн таван банк л байдаг. Энэ таван банкийг олон нийтийн банк болгоё л гэж байгаа. Олон нийтийн банк гэдэг нь хэрэв хувьцаа эзэмшигч иргэн бол тухайн банкны 20-25 хувийг л эзэмшинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүн 50 ч юмуу 60 хувийг эзэмших бололцоо уг хуулиар хориотой байгаа.

Хаан банк хувьчлагдсан гээд байгаа боловч япон хүн авсан уу, монголчууд өөрсдөө авсан уу гэдэг нь тодорхойгүй. Хэн ч авч болно, гэхдээ 20-25 хувиас илүүг авч болохгүй л гэсэн үг.

-Чуулганаар Мөнгөний бодлогыг хэлэлцсэн. Төгрөгийн ханш өдөр ирэх тусам унаж байна. Юмны үнэ тэнгэрт хадлаа. Мөнгөний бодлого ер нь ямар байх ёстой юм бэ?

-Хамгийн гол бодлого бол төгрөгийн ханшийг чангаруулж л ажиллах ёстой. Өдөр ирэх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Төгрөгийн ханшийг чангатгахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай болно. Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд уул, уурхайн бүтээгдэхүүнээ гадагшаа ахиухан гаргах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барих шаардлагатай байна.

-УИХ-ын дарга болон Ерөнхий сайд Оюу-Толгойн асуудлаар нөгөө талын хүмүүстэй уулзалт хийлээ. Таны хувьд дубайн гэрээ ч гэдэг юмуу энэ "Оюу толгой" төслийг хэрхэн харж байна?

-Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр 2.3 тэрбум долларыг бүр хүчингүй болгочих хэрэгтэй юм. Яахаараа бид энэ гэрээнээс болоод авах ёстой ногдол ашиг маань хойшлоод өрөнд ороод яваад байх ёстой гэж. Манай улс жилд Оюу толгойгоос 160 сая долларын татвар авдаг. Дубайн гэрээгээр бол жилдээ 170 сая долларын хүү нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд бид энэ төслийг бараг ажиллуулах хэрэггүй байгаа юм. Тиймээс энэхүү гэрээг хүчингүй болгох ёстой. Би ч ингэж бодож байгаа биш, УИХ-д сонгогдсон шинэ гишүүн надтай адилхан байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ