МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алслагдсан орон нутагт ажиллаж буй Онцгой байдлын алба хаагчид 5 жил тутам мөнгөн урамшуулал авна
2021.10.29
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Алслагдсан орон нутагт ажиллаж буй Онцгой байдлын алба хаагчид 5 жил тутам мөнгөн урамшуулал авна

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж мөн өдрөөс эхлэн мөрдөж байгаа.

Уг хуулиар гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, онцгой байдлын байгууллага болон гамшгаас хамгаалах удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлүүдийг олгож байгаа хэдий ч өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага байсаар байгаа.

 Аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүсээд байна.

Иймд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан юм. Тус хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы хурлаар эцэслэн баталлаа.

Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгасан байсан нь ийнхүү биелэлээ оллоо.

Хуулийн төсөл батлагдсанаар алслагдсан аймаг, суманд ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах, гэр, орон байраа тохижуулах, гэр бүлээ хөгжүүлэх, үр хүүхдээ сургах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад санхүүгийн хувьд дэмжлэг авч амьдралын чанар нь сайжирах боломжтой болох юм.

ШИНЭ МЭДЭЭ