http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2010.10.04
Улстөр

Даваажавын ГАНХУЯГ

Үүсгэн байгуулсан компани, бизнесийн байгууллагаар нь улстөрчдийг овоглодог. Энэ жишгээр УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг "Бридж" Ганхуяг гэдэг. Гэхдээ тэр элдэв хэл аманд барагтай л бол холбогдоод байдаггүй нэр цэвэр цөөн улстөрчийн нэг. Өөрөөр хэлбэл, "Бриджийн Ганхуяг луйвар хийжээ" гэх юм уу, "Д.Ганхуяг гишүүний Бридж групптэй холбоотой маргаан дэгдлээ" гэсэн мэдээлэл ер нь сонсогддоггүй. Архангай аймгийн Цахир суманд 1963 онд төрсөн тэрбээр 1972-1982 онд тус аймгийн Тариат сумын дунд сургууль төгссөн. Улмаар МУБИС-ийн Физикийн факультетийг дүүргэсэн багш мэргэжилтэй нэгэн. Тэрбээр их сургууль төгсөнгүүтээ Наран улсыг зорьж, Токио, Киото хотын хоёр ч сургуульд суралцан нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан байна. Харин 1990 онд Удирдлагын хөгжлийн институтийг дүүргэхийн зэрэгцээ химийн ухааны магистр хамгаалаад амжжээ. Өдгөө тэр хууль тогтоох дээд байгууллагад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа юм. Бизнесийн эрх чөлөө гэж юу болохыг дээд зэргээр мэддэг энэ эрхэм төр, олон нийтийн байгууллагаас чамгүй олон шагнал хүртжээ. Зарим том шагналыг дурдвал 2003 онд "Алтан гадас" одон, 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байх юм. Харин хамгийн сүүлд буюу ердөө хэдхэн хоногийн өмнө "Эдийн засгийн эрх чөлөөний шагнал"-ын анхны эзэн болсон юм. Тэр "Хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг дээдэл" гэсэн уриаг ажил, амьдралдаа мөрдлөг  болгодог. Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын! үеэс улс төрийн үйл хэрэгт оролцож эхэлсэн тэрбээр өдгөө Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн юм.

 

ШИНЭ МЭДЭЭ