Б.Энхболд: Орон нутгийн чиг үүрэг тодорхой болж, санхүүгийн нөөц нэмэгдэх боломж бүрдсэн
2021.10.29
Орон нутгийн хөгжил

Б.Энхболд: Орон нутгийн чиг үүрэг тодорхой болж, санхүүгийн нөөц нэмэгдэх боломж бүрдсэн

УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны нэгдүгээр сарын 1 нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан тус хуульд ямар голлох өөрчлөлт, зохицуулалтууд орсон талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа.

Энэ хуульд ямар голлох өөрчлөлтүүд орсон бэ? 

Товчилсон нэршлээрээ Нэгжийн хэмээх тус хууль 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 173 хороо болон иргэдийн амьдралын харилцааг зохицуулдаг гол хуулиудын нэг. Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт “орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулна” гэсэн зарчим бий. Гэвч өнгөрсөн хугацаанд холилдсон шинж чанартай явж ирсэн. Шат шатны ИТХ нь Засаг даргынхаа салбар нэгж байдалтай байж, иргэдийг төлөөлөх ажлаа бага хийсэн байна гэх дүгнэлтийг судлаачид хийсэн.

Тиймээс Үндсэн хууль дахь сая дурдсан “...хослуулна” гэсэн зарчмыг яаж хадгалж үлдэх вэ гэдэг зохицуулалт уг хуулийн шинэчилсэн найруулгад орсон. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөллийн байгууллага ИТХ нь улирал тутам ээлжит хурлаа хийж Засаг даргадаа  хяналтаа тавьдаг иргэдийнхээ оролцоог хангадаг үүргээ хангалтгүй биелүүлбэл төлөөлөгчийг эгүүлэн татдаг байх, тухайн нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хорооны сонгуулийн насны иргэдийн 5-аас доошгүй хувь нь гарын үсэг зуран санаачилж хурлаар асуудал санаачлан хэлэлцүүлдэг байх гэх мэт ИТХ, Засаг даргын эрх ,үүрэг хариуцлагыг илүү тодотгож өгсөн.

Төрийн үйлчилгээг хамгийн ойр нэгжид хуваарилах субсидар зарчим гэж бий. Энэ зарчмын дагуу хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон. Энэ нь төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль батлагдахаас өмнөх төсвийн зохицуулалт руу оруулж байна гэсэн үг. 

Орон нутагууд татварын орлогоо захиран зарцуулна.

Тухайлбал, төсвийн тухай хуулинд 2020-ны 12 сард өөрчлөлт орж дараах татварууд орон нутаг руу шилжиж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-т заасан орлогод ногдох албан татвар, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 100 хувь аймаг, нийслэл дээр төвлөрдөг байсан бол сум, дүүрэг рүү, газрын төлбөр 60 хувь нь аймаг,  нийслэлд төвлөрдөг байсныг 100 хувь  сум, дүүргийн төсөвт төвлөрүүлдэг болсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 100 хувь улсад төвлөрдөг байсныг 40 хувийг нь аймаг, нийслэлд төвлөрүүлэхээр байна. Мөн нийслэлийн төсвөөс  улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээж замын түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр болж байна.

Хэлэлцэгдэж буй улсын төсвийн төслөөс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь нийслэлд үлдсэнээр 240.4 тэрбум төг нэмэгдэхээр байна. Дээр дурдсан 420 тэрбум дээрээ нэмбэл 660.4 тэрбум төгрөгөөр нийслэлийн төсөв нэмэгдэж байгаа. Нийслэлийн 9 дүүргийн  хувьд Сүхбаатар дүүрэг 2021онд  хамгийн өндөр буюу 48 тэрбум төгрөгийг нийслэлд өөрийн татварын орлогоороо төвлөрүүлэх хуваарьтай төвлөрүүлээд явж байна.

Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд тус бүр 30-аад тэрбум, Баянгол, Баянзүрх дүүрэг 5-7 тэрбумыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх графиктай. Бусад СХД, Бага-Хангай, Багануур, Налайх дүүргүүд орлого төвлөрүүлдэггүй татаас авч явдаг. Тэгэхээр орлого төвлөрүүлдэг дүүргүүдийнхээ нийслэлд төвлөрүүлдэг дүнг бууруулах ядаж жигдлэх гэх мэт хуваарилалтыг зөв хийх хуулиараа шилжин ирж буй хот нийтийн аж ахуйн ажлуудаа сайн хийх боломжийг дүүргүүддээ олгох талаар нийслэлийн төсөв батлах үедээ хотын удирдлагууд анхаарах хэрэгтэй байна.

Орлого нэмэгдэхийн хирээр хариуцлагын асуудал ч давхар яригдана. Энэ талаар хуульд яаж туссан бэ?

Уг хуулиар төсвийн эрхээс гадна хариуцлагыг нь дүүрэгт мөн ногдуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцан хамтран хийдэг нийтийн эзэмшлийн зам талбай арчлах тордох, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг цэвэрлэх, засах, сэргээх, тордох, гэрэлтүүлэг, камержуулалт, золбин нохой муурны асуудал, замын халтиргаа гулгаа, хог хаягдлын менежмент зэрэг ажлууд үндсэндээ  дүүргүүд хариуцахаар болж байна. Түүнчлэн сум, дүүргийг өмчтэй байна гэж хуульчилсан. Үүний цаана томоохон хэмжээний реформ явагдана. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Үүнийг салгаж Орон нутгийн өмчийн тухай хууль гэж батлахаар УИХ-ын зарим гишүүд ярьж байгаа.

Дүүргийн өмчийн харилцааг 2014 онд баталсан Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн багц журмаар зохицуулсан байдаг. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн ширээ, сандал манай балансад бүртгэлтэй мөртлөө актлах, дуудлага худалдаанд оруулах, устгах эрх нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт байдаг. Дүүрэг зөвхөн балансыг нь бүртгэнэ. Муудчихлаа акталъя гэвэл Нийслэлийн өмчийн харилцааны газарт ханддаг. Гэтэл дүүрэг өмчтэй байна гэж Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан учраас энэ багц журмууд бүгд өөрчлөгдөх ёстой. Дүүрэг өөрийн өмчийг өөрөө дуудлага худалдаа, эргэлтэд оруулах, актлах, хувийн хэвшилтэй гэрээлэн ажиллах  боломжтой боллоо.

Хуульд ИТХ-ыг илүү хариуцлагажуулсан ямар зохицуулалтууд орсон бэ?

ИТХ-ын төлөөлөгчдийг нэлээн сайн хариуцлагажуулсан. Шат шатны нийт 8200 төлөөлөгч бий. Жишээ нь, нийслэлийн есөн дүүрэгт гэхэд 330 гаруй, Сүхбаатар дүүрэгт 35, Нийслэлд 45 төлөөлөгч байдаг. Нийт төлөөлөгчдийг хариуцлагажуулах үүднээс төлөөлөгчдийг эгүүлэн татах зохицуулалт орсон. Эгүүлэн татах журмыг УИХ батална, төсөл нь бичигдэж байгаа. Тухайлбал, иргэдийн итгэлийг эвдсэн, төлөөлөгчийн хариуцлагаа биелүүлээгүй, ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэж үзвэл тухайн хорооны байнгын оршин суугч эгүүлэн татах санаачилга гаргаж, гарын үсэг цуглуулаад  ИТХ руу хандах юм байна.

Тухайн ИТХ нь тухайн төлөөлөгчийг эгүүлэн татах эсэх шийдвэрийг гаргана. Хэрвээ ИТХ нь эгүүлэн татах нь зөв гэсэн шийдвэр гарвал сонгууль шиг санал хураалт явна. Сонгуулийн хэсгүүд байгуулагдаж, иргэд очиж саналаа өгнө. Түүнийг СЕХ зохион байгуулна. Төсөв нь орон нутгийн төсвөөс гарна. Иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг эгүүлэн татахаар санаачилсан иргэн гаргана. 

Төлөөлөгчдийг хариуцлагатай байлгах үүднээс ИТХ өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байна. Ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчвөл огцруулна гэсэн зохицуулалт хуульд орж байгаа юм билээ. Ер нь төлөөлөгчийг огцруулах хэд хэдэн үндэслэл байдаг. Тодруулбал, нас барсан, төрийн албанд томилогдсон, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол чөлөөлдөг. Тэгвэл үүн дээр нэмээд ёс зүйн дүрмээ удаа дараа зөрчсөн бол огцруулахаар заалт оруулсан. Ёс зүйн дүрмээ удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн бол Огцруулна гэдэг нь тухайн хурал эцсийн шийдвэрийг гаргахгүй шүүх рүү огцруулах өргөдөл гаргана гэсэн үг. Аль эсвэл огцруулах шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд тухайн төлөөлөгч хандвал шийдвэр түр түдгэлзэнэ гэсэн үг. Эгүүлэн татах журам УИХ аас эцэслэн батлагдахаар нэмэлт мэдээлэл өгч болно.

Тэргүүлэгчид гэдэг бүтэц зөвлөл гэсэн бүтэцтэй болж байгаа. Энэ талаар?

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүх шатны хурлын байгууллагын  чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллана гэсэн заалт байсан нь хасагдсан. Уг өөрчлөлтийн дагуу тэргүүлэгчийн оронд зөвлөл ажиллана. Зөвлөл нь төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй. Гэхдээ хурлын бүрэн эрхэнд хамаарах шийдвэр гаргахгүй гээд заачихсан. Гэтэл Зөвлөлийн ажиллах журмыг УИХ батлахаар хуулинд заасан бөгөөд журмын төсөлтэй танилцсан. Төслөөс харахад ИТХ ын зөвшөөрснөөр тодорхой шийдвэр гаргах эрхийг эрх шилжүүлж дараа тайлагнах зарчмаар зөвлөл рүү шилжүүлж болохоор заасан. Энэ тохиолдолд зөвлөл яг ямар нэртэй шийдвэр гаргахыг нарийн зааж өгөх хэрэгтэй. Зөвлөлийн Тогтоол гэдэг ч юмуу төслийг нь харахаар зөвлөл нь албан бичиг, тэмдэглэл, чиглэл, зөвлөмж өгөхөөр уншигдаж байна.

Зөвлөлийн өөр нэг чухал үүрэг бол Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэл хангах үүднээс хэлэлцээд бэлтгэл хангагдаагүй бол нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулж болохоор байгаа. Тэгэхээр зөвлөлийн хурлаар ороод дэмжээгүй асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй ч гэдэг юмуу логик байна. Хуучин бол тэргүүлэгчдийн хурлаар оруулж, хэлэлцэхийг нь дэмжиж байж нэгдсэн хуралдаанд оруулдаг байсан. Энэ эрх мэдэл нь зөвлөл дээр хадгалагдсан хэвээр байна гэсэн үг. Гэхдээ зөвлөл тогтоол гаргах юм уу гэхээр тогтоол гэсэн үг байхгүй байна. Тэгэхээр зөвлөл их өвөрмөц бүтэц болох юм.

Засаг захиргааны нэг нэгжийг нөгөөтэй нь нийлүүлэх, салгахад тухайн шатны ИТХ-ээс санал авдаг байсныг өөрчилж иргэдээс санал авдаг болсон. Энэ талаар ?

Төрийн байгууллагын хувьд манайх нэгдмэл улс шүү дээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1-т “...удирдлагын зарчим” гэж бий. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гээд оруулчихсан. Үндсэн хуульд ч ийм өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, аль нэг сумыг өөр нэг сумтай нийлүүлэх ч гэдэг юмуу, тухайн нэгжийг татан буулгах шийдвэр гаргахдаа иргэдээс санал авна. Хуучин бол заавал тухайн шатны ИТХ нь хуралдаж байж тогтоол гаргадаг байсан.

Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа хуулиар ИТХ нь тогтоол гаргадаг байсныг больж, тухайн газрын иргэдийн саналыг харгалзаж байгаад Засгийн газар, УИХ руу оруулж шийддэг болсон. Энэ бол илүү хялбаршуулсан журмаар шийдэж байна гэсэн үг. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл учраас орон нутгийн зарим асуудлыг заавал ИТХ-аас асуугаад байхгүй шууд шийдэж болно гэсэн санаа. Тэр утгаараа 12.1 дэх заалт хэрэгжээд явна. 

Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл ч гэсэн улсын болон орон нутгийн ашиг сонирхлыг хослуулна гэж 12.1.2-т заасан байгаа. Тэгэхээр орон нутгийн ашиг сонирхол, орон нутгийн онцлог гэж байх нь. Жишээ нь, Өмнөговь аймаг гэхэд уул уурхай ашигт малтмалтай илүү холбоотой. Тэгвэл иргэд “Энд бид цөлжилтийн эсрэг ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ уул уурхайн лицензийг зөвшөөрмөөргүй байна. Усаа хайрлаж, хамгаалмаар байна” гэхчилэн санал, саначилга гаргавал орон нутгийнхны ашиг сонирхлыг бодолцоно. Түүнээс “Төрийн байгууллагын хувьд нэгдмэл байна. Юу яриад байна” гэж болохгүй. Орон нутгийн ашиг сонирхлыг харгалзах ёстой гэдэг байдлаар оруулсан юм.

Нийслэлийн хороодыг нэмэгдүүлэх, хасах ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ? Мөн хорооны түвшинд ямар өөрчлөлт орохоор байгаа вэ?

Нийслэлийн хэмжээнд 173 хороотой. Хороодыг нэмэх шаардлага бий. Хороодыг нэмэх шийдвэрийг дүүрэг биш НИТХ гаргадаг. Жишээлбэл, олон хүн амтай, иргэддээ үйлчилж дийлэхгүй ачаалалтай байгаа хороод цөөнгүй бий. Тиймээс хороодыг дотор нь задлахад буруудахгүй. Гэхдээ ИТХ-д олонх нам дараагийн сонгуульд ялах зорилгоор хороодыг хэсэгчлэх нь буруу. Энэ бол өөрт ашигтайгаар сонгуулийн тойргоо хуваадаг Жерри мандер аргын нэг хэлбэр.  Субсидар зарчмын дагуу улсаас нийслэл рүү 420 гаруй тэрбум төгрөгийг үлдээж байна. Нийслэлд байсан татварын эрхийг дүүрэгт өгчихөж байна.

Тэгвэл дүүргийн төсөв тусдаа хорооны төсөвтэй байхаар шинээр заасан.

Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хороодын төсөв гэж байх нь байна. Одоогийн хуулиар хэсгийн ахлагчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга томилж байгаа. Энэ хуулиар хорооны Засаг дарга нь томилдог болж байгаа. Энэ хэдийгээр жижигхэн зүйл мэт боловч хөрсөн дээрээ том өөрчлөлт. Иргэдтэй тулж ажиллаж байгаа хорооны Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлж өгч байгаа юм. Хороо өөрөө төсөвтэй болж байна. Нийслэлийн 173 хороонд хэсгийн хуваарь батална. Тэгэхээр хэсэг гэж бүтэцтэй болох нь.

Хэсгийн хуваарь нь ямар байхыг шат шатны Засаг даргын зүгээс ИТХ руугаа өргөн барина. Тэр процесс нь хүлээгдэж байна. Хороодод ялгаагүй хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гэж байдаг. Тэгвэл тэргүүлэгчдийг байхгүй болгож хорооны Иргэдийн нийтийн зөвлөл гэж бүтэцтэй болж байгаа. Хорооны Иргэдийн нийтийн зөвлөлд хорооны Засаг дарга, ИНХ-ын хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагчдаас бүрдэнэ. Мөн иргэдийн төлөөлөл орно гэж байгаа. Тэгэхээр хороо бүрд 10-15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллахаар байгаа юм. Зөвлөлийн урамшууллыг ИТХ-ын төсөвт тусгайлан зааж өгнө гэсэн байна.

Иргэд өөрсдөө санаачлан тухайн шатны хурлаараа асуудал хэлэлцүүлэх боломжтой болж байгаа талаар?

Иргэдэд эрх мэдлийг яаж ойртуулах вэ гэдэг асуудал байна. Тэгвэл тухайн дүүргийн нийт иргэдийн таван хувь нь гарын үсэг зурж үүнийг заавал хурлаар хэлэлцүүлнэ гэвэл ИТХ заавал хэлэлцэх үүрэгтэй болж байгаа юм. Энэ бол ёс төдий биш дэвшилттэй заалт гэж харж байгаа. Учир нь иргэд нэг сонгуулиар 8200 гаруй төлөөлөгчийг томилчихоод  бараг мартчихаад байдаг тал бий шүү дээ.

Төлөөлөгчид төрийн захиргааны ажил эрхлэн засаг даргынхаа удирдлагын бүтцэд ажилладаг. Үүнийг хэр оновчтой гэж дүгнэх вэ?

Аймаг, орон нутгуудын төлөөлөгчид улс төрийн албан тушаалтнууд шүү дээ. Гэтэл тэр улс төрийн албан тушаалтнууд аймаг, орон нутагтаа давхар төрийн захиргааны алба хашаад байгаа тохиолдол байна. Жишээлбэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч мөртлөө аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа тохиолдол байна. Энэ бол 2019 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болчихсон зүйл. Гэтэл үүнийг зөрчөөд яваад байгаа юм. Нэгжийн хуулиар бол зөвхөн сумын түвшинд нийт төлөөлөгчийн 1/3 төрийн албан тушаалтан байж болно гээд заачихсан.

Харин аймаг, нийслэл, дүүрэг болохгүй шүү гэдгийг  нь тодорхой заагаад өгч байна гэсэн үг. Тэгэхээр 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш сум л биш бол аймаг, нийслэл, дүүрэгт төлөөлөгч нь давхар ТЗ-ны ажил эрхэлж байгаа бол шууд төрийн захиргааны албанаасаа чөлөөлөгдөх ёстой. Одоо үйлчилж байгаа Нэгжийн тухай хууль ирэх арванхоёрдугаар сарын 31-нд хүчингүй болно. Одоо үйлчилж байгаа хуульд бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчдийн 1/3 төрийн албан тушаалтан байж болно гэсэн заалт нь хэвээрээ байгаа юм шиг ойлголт яваад байгаа юм. Гэтэл Төрийн албаны тухай хууль батлагдчихсан. Дунд нь хийдэл үүсээд байгаа юм шиг байдал үүсээд байна. Энэ нэлээн олон хүнд нөлөөлнө.

Дээрх хуулиуд батлагдсанаар дагалдах хэдэн хуульд  өөрчлөлт орох вэ?

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдаж том, жижиг, янз бүрийн 280 гаруй хуульд өөрчлөлт орохоор байгааг судлаачид ярьж байгаа. ИТХ-д л гэхэд одоогоор 110 гаруй хуулийн 420 гаруй заалтаар ямар нэгэн байдлаар нэрийг нь дурдаж эрх олгосон байна. 

Нэгжийн тухай хуулийн 72.3-т шинээр яам байгуулж болохоор заалт орсон. 

“Орон нутгийн хөгжил, засаг захиргааны шинэтгэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын бүтцэд байна” гэж заасан. Тэгэхээр энэ заалтаар 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс бусад улс оронд байдаг шиг Minister of Local Government буюу Засаг захиргааны яамтай байж болохоор байна. Одоо бол үүнийг ЗГХЭГ-ын орон нутгийн удирдлагын газар зарим чиг үүргийг нь хэрэгжүүлж байна. Төрийн захиргааны төв байгууллага байна гээд биччихсэн учраас яам байгуулах болчихоод байгаа юм. Цахим яам, Эдийн засаг хөгжлийн яамыг одоо байгуулах гэж байна. Гэтэл нэмээд ийм яам байж болохоор заалт оруулсан.

Мөн хуульд “Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага” гэсэн заалт орсон. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь гишүүн байгууллагуудаас санхүүжинэ гэж зааж өгсөн. Гишүүн байгууллага гэдэг нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг НИТХ байх нь. ИТХ-ын төсөвт гишүүн байгууллагын санхүүжилтийн гишүүнчлэлийн татварыг суулгаж өгнө гэж байгаа юм билээ. Энгийнээр хэлбэл Хуульчдийн холбоо, ХААҮТ шиг хуультай төрийн бус байгууллага маягийн зүйл юм.

Гишүүн байгууллагуудынх нь төлөөлөл нь хуралдаад тэргүүнээ сонгоно. Тэргүүн нь Удирдах зөвлөлийнхнийгөө танилцуулж, гүйцэтгэх захирлаа томилно. Эерэг талаас нь харвал тодорхой хэмжээгээр төрөөс санхүүжээд нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийг давтан сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэдэг ч юмуу дэвшилттэй байхыг үгүйсгэхгүй. Нутгийн удирдлагын холбоо, Нутгийн удирдлагын Нийгэмлэг гэж хоёр ТББ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.  Гэтэл уг нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрмийг нь засгийн газар батлахаар төсөл явж байгааг уншихад НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБОО гэдэг ТББ-г хуульчлан зааж төрөөс санхүүжүүлэхээр харагдаж байна.

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь юу хийх вэ гэхээр гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг төлөөлж Засгийн газартай шүүхдэнэ гэж байгаа. 21 аймгийн ИТХ ч юмуу Засаг дарга өөр нам байлаа ч хүчтэй байгаа Ерөнхий сайд, засгийн газартайгаа  шүүхдэх үү. Шүүхдэх эрхийг сая нэр дурдсан холбоо хэрэгжүүлнэ. Миний бодлоор амьдрал дээр нэлээн зовлонтой байх болов уу. Нөгөө талаас Засгийн газраас тогтоол гаргах, УИХ-аас нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой хууль тогтоомж батлах нэмэлт өөрчлөлт хийхээр бол Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагаас заавал санал авахаар зохицуулсан .

Үүнээс гадна Нутгийн удирдлагын төлөөллийн энэ байгууллага Засгийн газартай хэлэлцээрт орно гээд заачихсан. Гэтэл ийм байгууллага  Финланд, Исланд, Европын холбооны зарим улсад байдаг. Манайх бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Засаг захиргааны хувьд парламентын засаглалтай. Ерөнхий сайд нь засаг захиргааны хамгийн дээд төлөөлөгч гэж явдаг. Энэ зарчмаа л баримтлах ёстой. Гэтэл нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж байгууллага гаргаж ирээд тэр нь Засгийн газартайгаа хэлцэлд орж байдаг.

Энэ нь хөрсөн дээрээ буухааргүй харагдаж байгаа.

Дээрээс нь орон нутгийн хөгжил засаг захиргааны шинэтгэлийн яам байгуулна гээд тусгачихсан байна. Хардах эрхийнхээ хүрээнд яривал, Нутгийн удирдлагын холбоо гэдэг байгууллагыг төрөөс санхүүжүүлж, тэнд нь тодорхой тооны тэргүүн, гүйцэтгэх засаглал, ажлын албаны хүмүүс төрөөс санхүүжих нь. Одоо байгаа бүтцийг албажуулах гээд байх шиг байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага нь их хурал хийнэ. Тус Их хуралд нийслэлийн сая 500 мянган хүний эрх ашгийг төлөөлж буй НИТХ-аас хоёр, есөн дүүргийн ИТХ-ын 300-гаад төлөөлөгчөөс дөрөв, аймгуудыг таван бүс болгож таван төлөөлөгч оролцоно. Үлдсэн хэсэг сумын ИТХ-ын төлөөлөгч нар оролцож нийт 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй их хурал хийхээр хуульчилжээ.

Тэгэхээр 330 сумд хэн олонх болж аль нам ялалт байгуулахаас шалтгаалж удирдлага нь автоматаар их хурлаар сонгогдоно гэсэн үг. Монголын өнөөдрийн сонгуулийн тогтолцоог харвал МАН-ын угшилтай хүн Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын тэргүүнээр ажиллаад байх нь. Магадгүй нийслэл дээр АН ялж болно. Тодорхой аймаг, сумуудад ялж болно. Гэтэл 330 сумын талаас илүү хувьд нь ялалт байгуулна гэдэг бол нэлээн асуудалтай. Эерэг талаас нь харвал 8200 төлөөлөгчөө мэдээлэл, сургалтаар хангаж чадавхжуулах байгууллагатай байх нь буруудахгүй. Гэхдээ төрөөс автоматаар санхүүжүүлж ирэхээр тэр байгууллага нь хэр болохыг мэдэхгүй юм.

Энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд ИТХ дээр дагалдах ямар ажлууд хийгдэх вэ?

Энэ хуулийн дагуу шат, шатны ИТХ-д хурлынхаа дэг, хороодын ажиллах журам, ёс зүйн дүрмийг бүрэн шинэчлэх үүрэг хариуцлага ирж байгаа. 

Сонирхолтой хэд хэдэн заалт бий. Иргэдийн төлөөллийн байгууллагыг аль болох намаас хамааралгүй болгох гэж оролдсон заалт байна. Жишээ нь, сумын ИТХ-д намын бүлэг байж болохгүй гэж байгаа. Тэгэхээр нам сонгуульд нэр дэвшүүлээд төлөөлөгчийг гаргаж байгаа шүү дээ. “Нам болохоор улстөржөөд байна сумын түвшинд улстөржих шаардлагагүй. Бүлэг, фракц болж битгий талцаад байгаач ээ. Зөвхөн иргэдийн эрх ашгийг хангана” гэсэн санаагаар намын бүлэг сумын түвшинд байгуулахгүй гэж байх шиг. Гэхдээ энэ зохицуулалт 2024 оноос хэрэгжинэ. Нэгжийн хуульд 2024 оноос хэрэгжих хэд хэдэн заалт бий. Одоогийн хуулиар давхар дээлтэй төлөөлөгч байж болно. Жишээ нь, сумын төлөөлөгч бөгөөд аймгийн төлөөлөгч. Дүүргийн төлөөлөгч буюу нийслэлийн төлөөлөгч байж болно. Харин 2024 оноос аль нэг шатандаа л дэвшинэ.

Хурлуудын хуралддаг давтамжийг хуулиар нэмж өгсөн байна. Жишээлбэл, бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал жилд хоёроос доошгүй хуралдана гэдэг байсан бол энэ жил заавал улиралд нэг удаа хуралд гэж байгаа. Ингэж хурлыг илүү амилуулах гээд байна шүү дээ. Хуучин 2012-2016 онд НИТХ сар бүр хуралддаг, тэр нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гардаг хотын парламент маягтай байсныг та бүхэн санаж байгаа байх.

Төлөөлөгч намын байр суурийг илэрхийлэхгүй гэсэн заалт амьдрал дээр хэрэгжиж чадах уу?

Төлөөлөгч хүн өөрийн хамаарал бүхий аль нэг этгээдийн бус зөвхөн иргэдийн эрх ашгийг төлөөлнө гэсэн заалт орсон . Тухайн төлөөлөгч аль нэг нам, намын бүлэгт хамаарагдаж байгаа. “Намын бүлэг хамаагүй би иргэдийн эрх ашгийг төлөөлж байгаа шүү” гэх төлөөлөгч амьдрал дээр хэд байх бол. Гэхдээ яахав хууль санаачлагчдын гол үзэл баримтлал нь аль болох улс төрийн намаас хараат бус иргэдийг төлөөлдөг хүн шүү гэж дуугардаг орон зайг нь нээж өгч байна гэсэн үг. Энэ хуулийн 44.4-т улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үүрэг хүлээхийг хориглоно гэж байгаа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн нам, бүлэг нь төлөөлөгчийг чи “ингэ, тэг” гэж үүрэг өгч болохгүй гэсэн заалт байгаа юм. Гэхдээ энэ мөн л зовлонтой.  Манайх улс төрийн системийн хувьд гол тоглогч нь нам. Нам мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж сонгуульд оролцдог, нэр дэвшигчээ дэвшүүлдэг, олонх болж бүлгээ байгуулдаг, ийм ч эрхтэй. Гэтэл энд улс төрийн нам, бусад байгууллага төлөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг хүлээлгэхийг хориглоно гээд заачихсан. Амьдрал дээр яаж хэрэгжих нь тодорхой хугацааны дараа харагдана.

ИТХ-ын дарга нар төлөөлөгчиддөө дэг сахиулах үүднээс тодорхой эрхийг нь хасдаг болсон 

Нөгөө талаас ИТХ-ын дарга төлөөлөгчид дараах хариуцлагыг хүлээлгэнэ гэж байгаа. Хурал дээр ёс зүйгүй янз бүрийн үйлдэл гаргах, бусдыгаа яриулахгүй байх гэдэг ч юмуу иймэрхүү үйлдэл гаргавал эхний ээлжинд сануулна. Тухайн хуралдааны туршид асуулт асууж, үг хэлэх эрхийг нь хасна гэж байгаа. Түүнчлэн асуудал оруулах эрхийг нь хасна. Харин санал хураалтад оролцох эрхийг нь үлдээж байна. Ингэж төлөөлөгчийг нэлээн хариуцлагажуулж, хуралдааны даргад үүрэг ногдуулж байгаа юм.

НИТХ-ын баталсан тогтоол яаманд заавал бүртгэгдэж байж хэрэгжинэ гэдэг зохицуулалтын талаар та ямар бодолтой байна вэ?

Энд гаргалгааг нь бүрэн гаргаж чадаагүй өөр нэг зүйл нь Үндсэн хууль болон бусад хуулиар хориглоогүй бол орон нутгийнхаа асуудлыг ИТХ бие даан шийдвэрлэнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл одоо нийслэлд ямар байдал үүсч байна гэхээр Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам гэж гаргасан. Энэ журмаар ТҮЦ, ил задгай борлуулалт хийдэг харилцааг зохицуулна. Захиргааны ерөнхий хуульд 2015 онд өөрчлөлт орж ИТХ баталчихсан тогтоолоо бусад хуульд нийцэж буй эсэхийг хянуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам руу өгдөг болсон.

Хууль зүй, дотоод хэргийн яам түүнийг хянаж үзээд Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна, бүртгэхгүй гэхээр иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж журам гаргаж, харилцааг зохицуулах гэхээр Захиргааны ерөнхий хуулиар чөдөрлөгдчихөөд байгаа. Энэ бол маргаан дагуулсан асуудал. Миний бодлоор Захиргааны ерөнхий хуулийн дагуу ингэж бүртгүүлэх шаардлага байхгүй. Тухайн шатны ИТХ холбогдох хууль тогтоомжоо үндэслэж зохицуулах маш олон асуудал байдаг.

ШИНЭ МЭДЭЭ