2021.10.20
Улстөр
Ц.Мөнх-Оргил: Яам, агентлаг хоёр хоорондоо ажлаа булаацалддаг учраас дахин агентлаг байгуулах хэрэггүй
ТББХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Агентлаг байгуулагдах юм байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам дээр асуудал алга. Цаг нь болсон асуудал. ЭЗХЯ гэхээр эргэлзээ төрөөд байгаа зүйл байна. Агентлагийг яам болгохоор нөгөө л хүмүүс очно гэж бодож байна. Энэ мэргэжлийн хүмүүсээс шалтгаалдаг ажил. Хүмүүс нь байгаа юу?
УИХ-ын гишүүн биш сайд боллоо гэхэд шадар сайд энэ хөгжлийн сайд байж бусад сайдуудаас чиглэл өгдөг сайд болох байх. Энэ сайд бүх бодлогыг зангидах сайд болох юм байна. Ерөнхий сайдын одоогийн хийж байгаа ажил гэсэн үг.
Агентлаг замбараагаа алдлаа. Боловсролын хуульд сая тусдаа агентлаг бий болгоно гэж оруулж ирсэн. Би дэмжихгүй байна. Эрүүл мэндийн яамд агентлаг хэрэгтэй байна гэж санал ирээд байгаа. Тэнд агентлаг хэрэггүй. Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн даатгалын газар гэж байгаа. Энд дахин ачаалал өгөх хэрэггүй. Яам, агентлаг хоёр хоорондоо ажлаа булаацалддаг. Үүнийг нэг цэгцлэх хэрэгтэй байна.
Түүний асуултад ЗГХГ-ын сайд Ц.Нямдорж хариулав.