http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монгол Улс эрчим хүчний хязгаарлалтад орж болзошгүй байгаа
2021.10.20
Эрчим хүч

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монгол Улс эрчим хүчний хязгаарлалтад орж болзошгүй байгаа

-Эдийн засгийн хөгжлийн яамыг би байх ёстой гэж боддог. Гэхдээ 100 хүнтэй яам байгуулах гэж байгаа бол хэрэггүй-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ намрын чуулганаар УИХ-ын хэлэлцэж буй гол асуудал нь 2022 он улсын төсвийн төсөл. Ирэх онд эдийн засгийн өөдрөг төсөөлөлтэй том төсөл орж ирлээ. Таны тухайд төсвийн төсөлд хэр анхаарал хандуулж байна вэ?

-Төсвийн орлого талдаа хүндрэл үүсэж болзошгүй төсөв орж ирсэн. Учир нь экспортын орлогын 40-50 хувь нь цэвэр нүүрсний салбарт байдаг. Үндсэндээ эдийн засгийг нуруундаа үүрч яваа салбар нь нүүрсний экспорт. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахад нүүрсний гаралт ирэх онд 36 сая тоннд хүрэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй байна.

Энэ оны эхний есөн сарын байдлыг харахад төлөвлөсөн хэмжээндээ хүрэх нь битгий хэл 10 гаруйхан сая тонн нүүрс экспортоллоо. Ийм байвал, дээр нь нүүрсний үнэ уначихвал эрсдэлтэй л гэсэн үг.

-Ирэх онд хоёр яам дөрвөн агентлаг байгуулах юм билээ. Уг нь манайх энэ онд урсгал зардлаа нэмэх гэсэн байх аа?

-Өөрийн чинь хэлж байгаатай санал нэг байна. Уг нь бид төсвийн зарчмаа ярилцахдаа урсгал зардал нэмэхгүй гэж тохиролцсон. Гэтэл хоёр яам, агентлаг нэмнэ гэж байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг би байх ёстой гэж боддог. Гэхдээ 100 хүнтэй хөгжлийн яам байгуулах гэж байгаа бол хэрэггүй. Эдийн засгийн хөгжлийн яаманд дор хаяж 200 хүн ажиллах ёстой.

Энэ яаманд салбар салбарын төлөөллүүд орж, улс орны хөгжлийг тодорхойлох шаардлагатай. Өнөөдөр бид хөгжлийн олон чухал асуудал ярьдаг хэр нь яагаад хөгждөггүй вэ гэхээр хүний нөөцийг нь бүрдүүлж чадаагүй, эрх зүйн орчин сул, тэр хэмжээнд нь хийж чадаагүй учир болохгүй байгаа юм. Өмнө нь байгуулсан Хөгжлийн яам ч ийм л шалтгаанаар хөгжиж чадаагүй.

-УИХ-ын гишүүд Хөгжлийн бодлого төлөвлөлт гэсэн нэртэйгээр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авах талаар тохиролцсон гэж байгаа. Зарим гишүүн энэ мөнгөнөөсөө татгалзаж, эдийн засагтаа анхаарах хэрэгтэй гэсэн урилга ч гаргасан байна лээ. Таны тухайд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг ч тойрогтоо зарцуулах гэж байгаа гэж шууд хэлж болохгүй. Тухайн тойрогт аймаг орон нутгаас эсвэл яамнаас ийм хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэдэг саналаа өгдөг. Тухайлбал, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлд хийх ажлуудаа нэрлэнэ. Би үүнд өөр байр суурьтай байсан. Энэ жил бид ажлын байр бий болгох чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл яасан юм бэ гэдэг санал байлаа.

Гэтэл яг өмнөх шигээ сургууль, цэцэрлэг, дотуур байр барих гэдэг төслүүд л орж ирлээ.

-Барилгын материалын үнэ огцом нэмэгдэж, энэ салбарт амаргүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл Засгийн газар дахиад л барилга байшин барих, дэд бүтцээ хөгжүүлэх төсөв оруулаад ирлээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ бол заавал анхаарах ёстой сэдэв болчихоод байгаа юм. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдчихсэн. Ялангуяа хадгаламжийн байгууллага буюу компаниудын харилцах дансанд байгаа мөнгө өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн байна. Ийм үед барилгын материалын үнэ өссөн байгаа нь хуучин төлөвлөж байсан үнийн дүн нь нэмэгдчихээр барилгын компаниудад хүнд байдал үүсэж байгаа юм.

Зарим компани нь үнийн өсөлтөө тооцоод экспертээр баталгаажуулаад ороод ирсэн харагдана лээ. Гэвч дийлэнх нь үнийн асуудлаа шийдэж чадаагүй орж ирсэн байсан. Энэ бол шийдэхээс өөр аргагүй асуудал. Төсвийн тодотгол хийгээд ч хамаагүй шийдэж, барилгуудаа дуусгах хэрэгтэй. Яг ийм байдал 2014-2015 онд үүсэж байсан. Ингээд тухайн үед аудитын байгууллагаар бүгдэд нь дүгнэлт гаргаж баталгаажуулж байж бүх объектын төсвийн нэмж байсан тохиолдол байгаа.

-Төсвийг хэмнэх тал дээр хэр анхаарсан гэж харж байна. Мөнөөх л хуучин арга барилаараа зөвлөхийн тоог цөөлөх, тавилга авахгүй байх зэргээс хэмнэлт хийнэ гээд байгаа. Энэ үнэхээр оновчтой хэмнэлт байж чадах уу?

-Зардал хэмнэхээр бүтцийн өөрчлөлт хийх боломжгүй байж магадгүй. Цар тахалтай амаргүй цаг үед хүний орлогыг багасгаж, ажлын байрыг цомхтгоно гэдэг амаргүй.

-Эрчим хүчний сайдаа ажиллаж байсан хүний нүдээр харахад энэ салбарт хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудад ирэх онд хангалттай хөрөнгө тусгаж чадсан байна уу?

-Эрчим хүчний салбарт ирэх жил доривтой хөрөнгө оруулалт тусгаагүй байна лээ. Миний харж байгаагаар бид ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтад орно. Яагаад гэвэл, бидний эрчим хүчний хэрэглээ жилд 60-80 мегаваттаар өсдөг. Түүнтэй тэнцэх хэмжээний шинэ эх үүсвэр байх шаардлагатай байдаг. Гэтэл энэ жил тийм эх үүсвэр манайд алга. 35 мегабайтын хүчин чадалтай шинэ эх үүсвэр зөвхөн Эрдэнэтэд ашиглалтад орсон байна. Тэгэхээр цаана нь 40-50 мегабайтын дутагдал үүсэж байна. Энийг ирэх онд нөхөж чадах уу үгүй юү гэдэг нь эргэлзээтэй. Ирэх өвөл гэхэд манайх дахиад 100 мегабайтын хүчин чадал бүхий эх үүсвэр шийдэж чадахгүй бол арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхээр эрчим хүчний хязгаарлалтад орохоос өөр аргагүй.

Уг нь би Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа 150 мегабайт цагийн зайн хуримтлалуурын станцын хөрөнгийг нь шийдчихсэн байгаа. Одоо тендер нь зарлагдсан байна лээ. Энэ хэрвээ ашиглалтад орчихвол хүндрэлийг давах боломж бий. Түүнээс биш шинэ блок ашиглалтад орох нөхцөл энэ жил байхгүй.

-Ирэх жил хоёр цахилгаан станц барих төсөл дээр Засгийн газар зээлийн батлан даалт гаргана гэсэн байсан. Энэ боломжтой юу?


-Цахилгаан станцыг нэг жилийн дотор барьчихдаг юм биш. Зөвхөн генераторыг нь барихад л нэг жил болно шүү дээ. Нэг станцын дор хаяж дөрвөн жилийн дотор барина. Би эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа ийм хугацаа шаардсан ажил учраа одоо байгаа III, IV цахилгаан станцын блокуудыг нь өргөтгөчихье, Амгалан дулааны цахилгаан станцад 50 мегабайт нь тавья гэдэг байсан. Энэ ажлыг эрчимтэй хийж чадвал жил хагас л хийнэ. Өөрөөр богино хугацаанд энэ асуудлыг шийдэх ямар ч арга байхгүй.

-Та ирэх оны эдийн засгийн төсөөллийг хэрхэн харж байгаа вэ?

-Манай эдийн засаг хэдхэн зүйлээс шалтгаалдаг. Зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр гэсэн түүхий эдээс хамааралтай. Ирэх онд эдгээр уул уурхайн бүтээгдэхүүнээд ямар үнэтэй байх вэ, экспорт саадгүй байх уу гэдгээс шалтгаална. Түүхий эдийн үнэ өсчихвөл эерэг сайн өсөлт гарна. Уначихвал эдийн засаг унана. Ийм л зарчимтай.

ШИНЭ МЭДЭЭ