http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Ганбаатар: Өнөөдрийн байдлаар монгол хүн бүр 30 сая төгрөгийн өртэй байна
2021.10.20
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Өнөөдрийн байдлаар монгол хүн бүр 30 сая төгрөгийн өртэй байна

УИХ-аар Монгол Улсын 2022 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-2022 оны улсын төсвийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Төсвийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ. Таны хувьд төсвийн төслөөс ямар асуудлыг чухалчилж байна вэ?

-2022 оны улсын төсөвт авах зүйлүүд байна. Мөн өөрчилж, засаж залруулах ч зүйл бий. Хамгийн гол нь төсөв тогтвортой байх ёстой. Манайд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Гэтэл тогтворгүй байдлын хууль болж хувирчихаад байна. Дураараа өөрчилж, засаж байна. Төсвийн сахилга бат гэж байх ёстой. Төсвийг маш их алдагдалтай баталж байна. 2020 онд 4.5 их наяд байсан бол 2021 онд 3.6 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Харин энэ онд бууруулж улсын төсвийн алдагдалыг 2.4 их наядаар баталж байна. Төсөв гэдэг орлого, зарлага хоёр байдаг. Орж байгаа орлого, гарч байгаа зарлага хоёр тэнцэж байх ёстой. Ядаж олж байгаа орлого нь их, зарлага нь бага байвал айлаар бодоход тухайн улс хуримтлал бий болгоно шүү дээ.

2016 онд тухайн үеийн эрх баригчдыг Монгол Улсын хүн бүрийг 15 сая төгрөгийн өрөнд оруулсан, “Чингис” бонд авч улс орныг дампууруулчихлаа гэж ярьдаг байсан. Би ч тухайн үед бие даагч гишүүн байсан мөн л шүүмжилдэг байсан. Гэтэл МАН өнгөрсөн таван жилийн хугацаанд төсвийг 100 хувь хариуцлагатайгаар зарцуулсан, төсөвлөсөн. Үр дүнд нь тухайн үеийн тооцоо, аргачлалаар нь тооцох юм бол таван жилийн хугацаанд хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон байна. Тодруулбал, Монгол Улсын өр 33 тэрбум ам.долларт хүрлээ. Дээр нь Оюутолгойн өр 12 тэрбум ам.доллар. Гэхдээ үүнийг Засгийн газрын өрөн дээр бичихгүй байгаа. Байдал хэцүүдвэл энэ өрийг Засгийн газар л төлнө. Тиймээс үүнийг Засгийн газар дээр бичвэл өр нь 12 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.

Түүнчлэн уурхайн аман дээр нэг тонн нүүрсийг 50 ам.доллараар зарж байна. Гэтэл Хятадад тонныг нь 500-600 ам.доллараар худалдаалж байна. Энэ бол уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн өндөр өсөж байгаа үе. Гэтэл яагаад аман дээр нь 50 ам.доллараар зараад, цаана нь 500-600 ам.доллараар зараад байгаа юм бэ. Энэ болгоныг төсөв дээр тодруулж асууж нягтлах учиртай. Чуулганы хуралдаанаар миний бие асуусан ч миний асуултад гүйцэт хариулаагүй байна.

-Улсын төсөвт нүүрсний экспортыг маш өөдрөгөөр төсөөлсөн байсан. 36 сая тонн нүүрс экспортолно гэж байна. Гэтэл хил гааль, хаалттай, нүүрсний тээвэрлэлт маш муу байгаа. Төсөвт тусгасан төсөөллийг та хэрхэн харж байна вэ?

-Олж байгаа орлогыг асар өндрөөр тавина гэдэг зардлаа өндөр тавих алтан боломж гэсэн үг. Зардлаа чинээнд нь тултал тавьчихаад орлогоо тэр хэмжээнээс илүүгээр бичилт хийж байна гэж харж байгаа. Тэгэхээр улсын төсөв бодитой байх ёстой. Гэхдээ төсвийн өөрчлөлт, шинэчлэлтэд авах олон зүйл байгаа гэдгийг хэлэх ёстой.

-Тухайлбал?

-Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг гүйцэтгэл, үр дүнгээр нь цалинжуулна гэж тусгасан байна. Аль болох цалинг нь нэмүү байлгах талд идэвхийлж, чармайхаар оруулсан зүйлүүд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Гэхдээ үүнд бас анхаарах зүйл бий. Боловсрол, эрүүл мэндийн салбарт үр дүнгээр цалинг нь өгнө гэхээр хэн үр дүнг нь тооцох вэ. Ямар нэгэн багш уу, захирал, дарга уу. Хэн нэгэн нь ажилтнуудын цалинг дураараа нэмээд, хасаад байх вий. Ийм байдал үүсгэхгүйн тулд Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтэд анхаарал тавих хэрэгтэй би сануулж байгаа. Салбарын дундын болон тарифын хэлэлцээр, Хөдөлмөрийн нөхцөлийн хэлэлцээрүүдийг хуульд яаралтай тусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн нэгэн төрийн байгууллагын дарга дур мэдэн хүмүүсийнхээ цалин урамшууллыг нэмнэ, хасна гэдэг эрхийг хамаагүй өгвөл хөдөлмөрчдийн эрх ашиг зөрчигдөнө. Төсөвт сайн талууд байна. Харин үүнийгээ сайжруулах, баталгаажуулах механизмуудыг төсөвт бий болгохыг миний хувьд хэлж байгаа.

-Сүүлийн хоёр жил Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв суулгасан нь шүүмжлэл дагуулсан. Ирэх онд ч хамгийн их хөрөнгө оруулалтыг Хэнтий аймагт тусгасан байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Аймгуудын тойрогт тусгасан хөрөнгө оруулалтын жагсаалт бол арай дэндүү байна. Эрхтэн, дархтнуудын тойргийн төсвийг хэтийдсэн өндөр тавьсан байгаа.

Ингэж улсын төсвийг хувийнхаа юм шиг, албан тушаалынхаа эрэмбээр өндөр батлуулж байгаа явдал бол байж болохгүй зүйл. Өнөөдөр монголын залуучууд ажилтай, орлоготой байхыг хүсэж байгаа. Гэтэл залуусыг аймаг, орон нутгаар нь ялгаварлаж, албан тушаалын үзэмжээр төсвийг дахин сонгогдох багаж хэрэгсэл болгож болохгүй. Би энэ талаар өнгөрсөн жилийн төсвөөр ч хэлж байсан. Энэ жил ч нэлээд тоо баримттайгаар хэлж байгаа.

-Тэгвэл танай тойрогт гэхэд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан бэ?

-Манай тойргийн хувьд төсөвт өртөг нь 23 тэрбум төгрөгийн дүн тавьсан. Энэ жилийн санхүүжих дүн нь 11 тэрбум төгрөг тавьсан. Миний хувьд боловсрол эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч байна. Тухайлбал, Баян-Өндөр суманд сургуулийн барилга буулгаж, шинээр барих, спорт заал барих асуудлыг олон жил ярьсан. Үүнд хөрөнгө оруулалт тавихгүй байгаа учир хүүхдүүд хохирч байна. Тиймээс үүнийг хөрөнгийг төсөвт суулгуулсан. Мөн хот хоорондын болон аймаг дундын ачигч тээврийн авто буудал барих талаар олон жил ярьж байгаа. Энэ мэт хэд хэдэн ажилд 11 тэрбум төгрөг тусгуулаад байна.

-МҮЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд ажлын байрыг нэмэгдүүлэх талд байр сууриа хэлэхгүй юу. Ирэх оны төсөвт халамжаас хөдөлмөр рүү шилжүүлэх бодлого баримталж байгаа шүү дээ?

-Салбарын хамтын хэлэлцээр, салбар дундын хамтын хэлэлцээр гэдгийг хүчтэй хийж байж ажлын байр бий болдог. Эдгээр хэлэлцээрийг л амь оруулаад өгвөл ажлын байр бий болдог шүү гэдгийг миний хувьд олон хэлж байгаа. Тухайлбал, хүнс үйлдвэрлэгчид, хүнс үйлдвэрийн эздүүд гэсэн салбар хэлэлцээр хийж, хаанаа хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ гаргаж ирж ярьж байж түүнийг нь төр дэмждэг. Энэ хэлэлцээргүй болохоор улстөрчдийн найз нөхөд, танил тал улсын боломжуудыг хулгайлж байна. Тэгэхээр ажлын байр бий болгохын тулд хэлэлцээр гэдэг зүйлд ач холбогдол өгч амь оруулах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ