http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай
2021.10.05
Уул уурхай, Ашигт малтмал

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай

 УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.10.05) 11 цаг 07 минутад 11 гишүүний ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын томоохон бүтээн байгуулалт, стратегийн үйлдвэр болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж эхлүүлснээс хойш гурван жил өнгөрсөн бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэж тооцвол гурав хүрэхгүй жил үлдээд байгааг Г.Тэмүүлэн гишүүн тэмдэглэж байсан. Тиймээс эл төслийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүлэх, шуурхай арга хэмжээ авах шаардлага бий гэдгийг онцлов.

УИХ-аас Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталсан ч холбогдох журмууд батлагдаагүй байгааг шүүмжилсэн. Энэ хүрээнд төслийн олон асуудал хялбаршуулсан горимоор шийдвэрлэгдэх ёстой тул холбогдох яамд, Засгийн газар анхаарч ажиллах ёстой гэлээ. Хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагын талаар дурдаж, дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын асуудал, үйлдвэрийн бүтээн байгуулалтын бараа, материалын тээвэрлэлтийн асуудлыг мөн хөндсөн юм. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэхээр Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

    “Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Дараа нь төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргаж буй саналуудыг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ