http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо
2021.10.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар хамтарсан тогтоолоор байгуулагдсан билээ.

 Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахлан, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Г.Амартүвшин, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар ажиллав. Өнөөдөр тус ажлын хэсгийн хурал боллоо. 

Эхлээд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Тайлан мэдээллийг УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа ажлын хэсгийн гишүүд Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн худалдан авах ажиллагааны газруудад очиж танилцуулга мэдээлэл сонсож, Концессын гэрээгээр Нийслэлд шинээр хэрэгжиж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл, арга хэмжээ, Соёлын яамны хэрэгжүүлж буй "Чингис хаан" музейн, “Үндэсний номын сан” –ийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон “Барилгын материалын үнийн өсөлтийн шалтгаан ба шийдэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж судалгаа мэдээлэл цуглуулж, бодит дүгнэлт гарган ажилласан гэв.

Ажлын хэсэг үйл ажиллагааныхаа явцад цуглуулсан холбогдох баримт материалд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан.  Үүнд:

  1. Дэлхийн зах зээлийн барилгын материалын түүхий эдийн үнийн өсөлт, тэдгээрийн нийлүүлэлтийн хомсдол болон тээвэрлэлтийн асуудалд хүндрэл үүссэнээс шалтгаалж боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжиж байгаа төсөл арга, хэмжээнүүд удааширч өнөөдрийн байдлаар 25.5-37.0 хувийн гүйцэтгэлтэй байна;
  2. Гол нэр төрлийн 12 барилгын материал, түүн дотроо хөөсөнцөр, арматурын нийлүүлэлт, тээвэрлэлтийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хомстол үүссэн;
  3. Барилгын материалын үнийн өсөлтөөс (дунджаар 45 хувь) шалтгаалж хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх нөхцөл үүсээд байна;
  4. Олон жил үргэлжилж буй он дамжсан төсөл, арга хэмжээний өртөг нэмэгдэж эдийн засаг, нийгмийн үр ашиг буурч байна.
  5. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг байнгын хорооны тогтоолын төсөлд боловсруулж Ажлын хэсгээс Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэснээ танилцуулав.

Ажлын хэсгийн тайлан мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Т.Энхтүвшин, Т.Аубакир нар асуулт асууж хариулт авав.

Үүний дараа Ажлын хэсгээс Байнгын хороонд хүргүүлэх тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралд оролцсон гишүүд дэмжиж Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоол гаргахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ