Тогтвортой хөгжлийн зорилго - дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ
2021.10.04
Эдийн засаг, Худалдаа

Тогтвортой хөгжлийн зорилго - дээд түвшний үндэсний анхдугаар чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо санаачлан Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалтыг өнөөдөр (2021.10.04) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэхүү чуулга уулзалтын зорилго нь цар тахлаас үндсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилгын “Арван жилийн үйл ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна. Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил, тулгарч буй саад бэрхшээл болон Ковид-19 цар тахлын үед хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн туршлага, арга зам, шийдлийн талаар бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдын түвшинд олон талын оролцоог ханган хэлэлцэнэ.

Түүнчлэн, чуулга уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянах, түүнийг эрчимжүүлэхэд шаардлагатай бүхий л нөөц боломжийг чиглүүлэх үр дүнтэй зохицуулалтын механизм болох Тогтвортой хөгжилд чиглэсэн олон талын оролцоо бүхий платформыг танилцуулна.

“Тогтвортой хөгжлийн зорилго" дээд түвшний чуулга уулзалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцож, чуулганыг нээж үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг онцолж, Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын Их Хурлын дэргэд байгуулах гэж байгааг танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт”-ийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дурдав. Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас зарим бодлогыг танилцууллаа.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, зургаан жилийн өмнө дэлхийн удирдагчид, түүний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг хүлээж, 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх талаар харилцан тохиролцсон. 2030 оны Хөгжлийн төлөвлөгөө гэдэг бол зөвхөн нэг бүтэц, хамрах хүрээ гэхээс илүүтэй энэ бол дэлхий даяар олон зуун сая хүмүүсийн аж амьдралыг сайжруулахад чиглэсэн бодлогын тодорхой төлөвлөгөө юм гэв.

 

Чуулга уулзалтад Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ