МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагт зочиллоо
2021.09.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагт зочиллоо

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын урилгаар БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагт албан айлчлал хийлээ. Ноён Элчин сайд өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил болон албаны хүмүүстэй уулзаж Сэлэнгэ аймагтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцон харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хөдөө аж ахуйн салбар тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж, арга туршлагаас судалж суралцах, оюутан залуус, салбар салбарын мэргэжилтнүүдийг сурч боловсрох, мэдлэгээ сайжруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Тухайлбал сүүний үйлдвэрлэл, багш, төрийн албан хаагчид, зарим хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв. Энэтхэг улс 30 жилийн тэртээ сүүний хомсдолд орж байсан цаг бий. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлснээр өнөөдөр сүү үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд тэргүүлэх хэмжээнд хүрчээ.

 Манай улсын өрхийн аж ахуйг хөгжүүлж яваа туршлагаас судалж, нэвтрүүлэн ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжийн тал дээр хамтарч ажиллаж болно.

Мөн манай улс мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах тал дээр туршлага ихтэй. Сэлэнгэ аймагтай хөдөө аж ахуй, соёл урлаг, мэдээллийн технелоги, иргэдээ сурган дадлагажуулж сурч хөгжих гээд бүхий л салбарт хамтран ажиллах боломжтой. Нэн түрүүнд англи хэлний 1000 багшийг чадавхжуулах сургалтад хамруулах ажлыг зохион байгуулж, мэргэжлийн багш нарыг илгээнэ. Энэхүү үйл ажиллагааг хоёр талдаа зохион байгуулах болно.

Мөн богино хугацааны сургалтад жил бүр таван хүнийг, мөн урт хугацааны бакалавр, магистр, докторын сургалтад жил бүр хоёр хүнийг Энэтхэг улсын санхүүжилтээр сургах ажлыг Сэлэнгэ аймагтай шууд хамтран хэрэгжүүлнэ хэмээн Элчин сайд хэллээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Элчин сайдыг өөрийн биеэр Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хамтын ажиллагаа үр дүнтэй болж, олон хүмүүс үр өгөөжийг нь хүртэхийг хүсч байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ