http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзав
2021.09.17
Гадаад харилцаа

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр өнөөдөр (2021.09.17) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр сайн хөршийн харилцаа, хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэхэд Элчин сайдын оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдгийг онцлов.

Хоёр улс хоорондын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Байнгын хороод, Найрамдалын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Цай Вэньрүй Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцаа КОВИД-19 цар тахлын үед ч хэвийн үргэлжлэн төрийн өндөр, дээд хэмжээний цахим уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас чухал ач холбогдол өгдөг, цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ