Б.Бат-Эрдэнэ: Уурхайн өгөөж хамгийн түрүүнд уурхайчдад очдог байх ёстой
2021.09.13
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Бат-Эрдэнэ: Уурхайн өгөөж хамгийн түрүүнд уурхайчдад очдог байх ёстой

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон логистик төслийн нэг болох төмөр замын төсөлтэй танилцаж байна.

Төмөр зам ашиглалтад орсноор эдийн засгийн эерэг олон үр дүн авчирна. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах юм. Одоогоор нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байна. Мөн Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргын газар шорооны ажил 100% бүрэн дууссан. Харин эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байна. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байна.

Энэ нүүрсийг бүхий л боломжоор нь гаргаж, хувийн хэвшлүүдээ дэмжин тэднээр төмөр зам, үйлдвэр, авто зам, сургууль, цэцэрлэг, орон сууц бариулж халамжийг бус хөдөлмөрийг дэмжиж, залуучуудаа гадаадад хамгийн сайн сургуульд нь тэтгэлэгээр сургаж хөгжлийг бүх боломжоор нь авч ирэхсэн. Монгол залуучууд үнэхээр хөдөлмөрлөж байна.

Уурхайчин, төмөр замчин залуусын бие нь хөдөлмөрч, сэтгэл нь бодь аж. Одоо тэднийг зүгээр байлгаж, зэврүүлж болохгүй. Төрөөс аль болох мэргэшиж байгаа чадварлаг багийг цааш үргэлжлүүлэн ажиллуулах, төмөр зам, үйлдвэр бариулах ажлыг нь даалгаж өгөөд ажиллуулах хэрэгтэй. Тэд өглөө бүр 06:00 цагаас цуглаж, дасгал хөдөлгөөнөө хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдээллээ сонсоод ажлаа эхлүүлдэг. Хувийн хэвшил хэрхэн ажиллаж байгааг эндээс харж байна. Тэд мэргэшжээ. 

Уурхайн өгөөж хамгийн түрүүнд уурхайчдад очдог байх ёстой. Уурхай дээр ажиллаж буй хэлтэс, албадын дарга, менежерүүдтэй уулзаж тулгамдсан асуудлуудыг сонслоо.

Төлөөлөн удирдах зөвлөлөөс асуудлуудыг нь шийдвэрлэж өгнө.
1. Эмнэлэг түргэний машиныг шийдвэрлэж өгөх
2. Уурхайн кемпэд галын машин шийдвэрлэж өгөх
3. Уурхайчдыг дэмжих санг гүйцэтгэх захирлын дэргэд байгуулж шууд шийдвэрлэж байх нөхцөлөөр хангах
4. Биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөх инноваци, технологийн дэвшилтэт техникээр хангах
5. Уурхайчдын орон сууц, кемпийг яаралтай ашиглалтанд оруулах
6. ТУЗ хурлыг уурхай дээр хийж бодит байдлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулах.
7. 2022 оны төсөв дээр уурхайчдын хангамж, нийгмийн асуудалд анхаарсан төсвийг 2021 оны төсвөөс илүү тавьж өгөх
8. Мэргэшүүлэх сургалтуудыг олшруулах гэх мэт хүсэлт тавьсан бүх саналыг хүлээн авч хийж өгнө

Өнөөдөр нүүрсээ ухаж, экспортолж байна. Маргааш үр өгөөжөөр нь аж үйлдвэр, төмөр зам, авто зам, сургууль, номын сан бүтээн босгож барих ёстой. Халамжид зарцуулах биш өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын ажиллах хүчийг гадагш экспортолдог бус дотооддоо баялаг бүтээдэг болгох. Монгол Улс уул уурхайгаас орж буй орлогын менежментийг зөв гольдрилд оруулах нэн шаардлагатай. Эрдэнэс Тавантолгой ХК -ийг мэргэшсэн, чадварлаг удирдлага, уурхайчид удирдаж байгаа учраас Төлөөлөн удирдах зөвлөлд тулгамдаж буй асуудлуудаа цаг үед нь зөв ойлгуулж чаддаг. ТУЗ ч тэдэнд хэрэгтэй байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийн бүрэн дэмждэг. Хамтын ажиллагаа маш сайн гэж дүгнэж болно.

Их хэмжээний үерийн ус төмөр замын 2 давхар даланг сэтлэж төмөр замын суурь бүтцэд нөлөөлсөн асуудлаар газар дээр нь ажиллалаа. Магадгүй ашиглалтанд орохоос өмнө ийнхүү байгалийн гамшиг, шалгуур явагдсан нь зөв байх. Засварлах ажлууд явагдаж байна. Зүүнбаян төмөр зам ХХК

Нүүрсний экспорт асуудал бол БНХАУ-Монгол улсын хоорондын буюу "Гадаад харилцаа"-тай хамааралтай асуудал. Өөрөөр хэлбэл нэг талдаа хурал уулзалт хийхээс илүүтэй 2 талдаа ярилцаж шийдэх ёстой ажил.

Нийлүүлэлтийг хязгаарлана гэдэг үнэ өснө л гэсэн үг. Тиймээс тээврийг хязгаарлачихаад үнэ өслөө гээд байж болохгүй. Терминал бол нэг л шийдэл. Гэхдээ жилдээ 10 орчим сая тонн нүүрс гарна. Энэ нь терминалаар гаргавал өртөг дийлдэхгүй, дээрээс нь бидэнд мөнгө орж ирэхгүй л гэсэн үг. Задгай тээврийг заавал зэрэгцээ явуулж байж экспортын орлогоо нэмэгдүүлнэ. БНХАУ-ын талаас нүүрсээ авах хүсэл эрмэлзэл их байна. Тиймээс хязгаарлалт бодохоос илүүтэй БНХАУ талтай гадаад харилцааны түвшинд асуудлаа хэлэлцэж шийдвэрлэх нь нэгдүгээр алхам. Гашуун сухайт боомтын хуралд оролцож дараах саналуудыг хэллээ.

1. Гашуун сухайт боомт дээр дундын бүс байгуулах
2. Тээврийн жолооч нарт квот тогтоож өгнө гэдэг өөрөө утгагүй асуудал. Дундын бүсээ байгуулж 2 талаас жолооч нараа хязгаарлалгүй оруулах
3. Гашуун сухайт боомтыг 24 цагаар ажиллуулах

ШИНЭ МЭДЭЭ