http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулсан хууль батлагдлаа
2021.09.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүдийг зохицуулсан хууль батлагдлаа

Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын 1 сая гаруй ажиллагчид, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар баталлаа.

Энэхүү хуулиар хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, гэрээсээ, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдсан.

Түүнчлэн ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, хүлээх үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн. Мөн хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Цалин хөлсийг гүйцэтгэл, бүтээмж, ур чадвартай нь уялдуулах, нарийн мэргэжлээр дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгаснаар үндэсний ажиллах хүчний өрсөлдөх чадвар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү хууль чухал ач холбогдолтой болсон. 

Уг хуулийн төсөл 2018 онд өргөн баригдаж 2 ч парламентын гар дамжиж батлагдсан бөгөөд хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж ажилласан бөгөөд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага болон УИХ, Засгийн газрын зүгээс хуульд тусгуулах саналуудыг оновчтой, дэвшилтэт байдлаар тусган ажилласан юм. 

Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуульд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг бас тусгажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсэг

Тухайлбал: 

  • Ажилтанд түүний цалин хөлс хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаарх мэдээллийг сар бүр өгч байх үүргийг ажил олгогч хүлээнэ.
  • Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байна” гэх мэт тодорхой заалтууд оруулж өгчээ.

Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай. Албан бус салбарт нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Аж ахуйн нэгж, байгууллага бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллагчдын тоо өндөр гэж Үндэсний статистик хороо 2018 оны 4 дүгээр улиралд мэдээлж байжээ. Түүн дээр түшиглэн  хөдөлмөрийн харилцааны энэ онцлогт тохирсон  зохицуулалтыг шинэ хуульд:

  • Туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
  • Ажил олгогч нь тэдэнд ажиллаж амьдрах хэвийн нөхцөлөөр хангах, ээлжийн амралт олгох үүрэг хүлээнэ.
  • Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэсэн заалтууд оруулжээ.       

Энэ нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг  тодорхой зохицуулалттай болгоход чиглэжээ. Мөн тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалах боломжийг хангасан аж. 

Уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуульд тусгажээ. Объект (гэрээсээ хол) дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амарна. Түүнээс цөөн хоногоор ажилласан бол ажилласан хоногийн тоогоор амрах эрх зүйн орчин бий болгожээ. Энэ бол бас л шинэ зохицуулалт ажээ. Урьд нь хуулиар зохицуулж байгаагүй олон зүйл заалт Хөдөлмөрийн тухай шинэ хуульд орсон  бололтой. Хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой заалтууд оржээ. 

Alison& Kate Partners хуулийн фирмээс гаргасан "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой онцлох өөрчлөлтүүд" задлан шинжилгээнд хуулийн онцлох өөрчлөлтүүдийг дараах байдлаар гаргасан байна. 

Тухайлбал:

  • Насанд хүрээгүй хүний долоо хоногийн ажлын цаг 30-аас илүүгүй, долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна.
  • Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна.

Тус хуулийн шинэчлэлтэй холбогдуулан бүхий л төрлийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд болон ажил олгогч иргэд өөрсдийн Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж, зохих өөрчлөлтүүдийг оруулах шаардлага үүсэж байна. 

Хөдөлмөрийн харилцаа үүсэх нөхцөл өөрчлөгдөв

Шинэчилсэн найруулгад ажил олгогч ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил Үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээр болсон. 

Ажлын байран дахь бэлгийн болон бусад төрлийн дарамт, шударга бус байдлыг хориглосон

Хөдөлмөрийн харилцаанд оролцогчид бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр бие махбод, сэтгэл зүйн болон бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчин үүсгэхийг хориглосон бөгөөд энэ тухай гомдлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, Дээд шатны албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхэд тус тус гаргахаар зохицуулсан. 

Б.Баярсайхан УИХ-ын гишүүн

“Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, ҮЭ-ийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр шууд эсвэл шууд бусаар ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгох, давуу байдал  тогтоох гэдэг үгийг энэ нөхцөлийг дордуулахыг хориглоно гэдэг үгээр солих саналыг гаргаж байна.”

Хөдөлмөрийн гэрээнд барьцаа хэрэглэхийг хориглосон

Ажил олгогч нь ажилд орох гэж буй хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтуудыг шаардан авч барьцаалахыг шинэ хуулиар хориглосон. 

Ажил олгогч хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй болов

Шинэчилсэн найруулгын дагуу ажил олгогч нь хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй болов. 

Үүнд дараах үүргүүд орно.

  • Хүүхэдтэй ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах
  • Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх 
  • Хүүхэдтэй ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх 
  • Хөхүүл хүүхэдтэй ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг авах
  • Мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажлаа гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр тохиролцож болохоор хуульчилсан.
Ажлаас халагдсаны тэтгэмжийг нэмэгдүүлсэн

Шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагад ажилласан жилээс нь хамаарч ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг тогтоох болсон. 

Тухайлбал:

  • 6 сараас 2 жил ажилласан бол 1-ээс дээш сарын үндсэн цалин, 
  • 2-5 жил ажилласан бол 2-оос дээш сарын үндсэн цалин,
  • 5-10 жил ажилласан бол 3-аас дээш сарын үндсэн цалин, 
  • 10 буюу түүнээс жил ажилласан бол 4-өөс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан байна. 
Хөдөлмөрийн хяналтыг улсын байцаагч хэрэгжүүлдэг болсон 

Хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэгч хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг шинээр хуульчилсан. Хөдөлмөр хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заагдсан болон бусад бүрэн эрх, үүргийг хүлээнэ. 

Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч

“1999 онд Засгийн газар нийт ажилчдын 90 хувийг ажлын байраар хангаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс үндсэндээ нэг том ажил олгогчтой байсан. Өнөөдөр тэгвэл Засгийн газар нь төрийн албаны 180 мянган хүний  ажил олгогч болсон. Үлдсэн нэг сая гаруй хөдөлмөр эрхлэгчид ажил олгогчдын олон хэлбэрт очсоноор хөдөлмөрийн харилцаа өөр хэлбэрт шилжлээ. Энэхүү хуулийг баталснаар хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй олон асуудлыг зохицуулах юм. Хөдөлмөрийн хуулийн суурь зарчим болох ялгаварлан гадуурхахгүй байх, шударга байх, цалингаа цаг хугацаанд өгөх зэрэг заалтууд үйлчилж эхэлнэ. Хуульд ажилтан, ажил олгогч хоёр яг адилхан эрх үүрэгтэй гэдгийг тодотгож байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол хоёулаа адилхан эрх, үүрэгтэй.” 

Ажил байдлын тодорхойлолт авах эрхтэй болов

Шинэчилсэн найруулгын дагуу ажил олгогч ажилтныг ажилд авахдаа шаардлагатай гэж үзвэл тухайн ажилтны өмнөх ажил олгогчоос ажил байдлын тодорхойлолт авч болохоор болов.

Ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрх 

Ажилтан нь дараах тохиолдлуудад ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд үүнтэй холбогдуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглосон ба ажлын байрыг нь хэвээр хадгалахаар зохицуулсан.

  • Ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн,
  • Ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан,
  • Ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй,
Ажил олгогч ажилтны цалинг хоцроовол алданги төлөхөөр болов 

Ажил олгогч цалин хөлсийг олгох өдөр олгоогүй, хоцорч олгосон бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалингийн 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн төлөхөөр болов. 

Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг заавал танилцуулах үүрэгтэй болов 

Хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч заавал ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан баталж, мөрдүүлэх бөгөөд шинээр баталсан, нэмэлт өөрчлөлт оруулсан бол нийт ажилчдад танилцуулах, харагдах газар байршуулах үүрэгтэй болсон.

Ээлжийн амралтын тооцоог заавал хийх болов

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ногдох ээлжийн амралтын тооцоог хийж олгохоор зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн 16 хуулийн төсөл болон хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж, тус тус баталсан.

ШИНЭ МЭДЭЭ