МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Соёл урлагийн салбарыг  шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ
2021.08.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Соёл урлагийн салбарыг шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ

Сoёл, урлаг бол үндэстэн оршихуйн баталгаа, тусгаар тогтнолын дархлаа тул хуулиар хамгаалж, дэмжиж хөгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Монгол улс Соёлын тухай хуулийг 1996 онд баталж байсан түүхтэй. Харин үүнээс хойш тус хуульд нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч шинэчлэгдээгүй бөгөөд уг хуулийн зохицуулалт нь соёл, урлагийн өнөөгийн харилцааг зохицуулах, цаг үеийн шаардлагыг хангахгүй болсон тул хуулийн зохицуулалтыг шинэчилж боловсронгуй болгох шаардлага үүссэн.

Иймд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ё.Баатарбилэг тус хуулийн төслийг 2019 оны наймдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьж байсан. Харин үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр УИХ-аас Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Уг хууль нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой.

Тус хуульд тусгасан зарим тодорхойлолтоос дурдвал, “Соёлын үнэт зүйл” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах, эсхүл хүний оюун санаа, үйлдэхүйн үр дүнд бий болсон соёлын агуулга бүхий биет болон биет бус илэрхийллийг, “Соёлын байгууллага” гэж энэ хуульд заасан журмын дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг, “Соёлын ажилтан” гэж соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хамт олон, бүлэг хүнийг, “Соёлын үйлчилгээ” гэж арилжааны үнэ цэнээс үл хамааран, хүний соёлын хэрэгцээг хангах зорилгоор үзүүлж байгаа соёлын илэрхийллийг агуулсан үйлчилгээг тус тус тодорхойлсон байна.

Соёлын бодлого, үйл ажиллагаанд:

  1. Үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх;
  2. Нэгдмэл цогц, харилцан уялдаатай, бүх нийтийн оролцоонд тулгуурласан байх;
  3. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах;
  4. Судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт техник технологи, инновацад тулгуурласан байх;
  5. Ил тод, нээлттэй байх;
  6. Тэгш, хүртээмжтэй байх;
  7. Соёлын үйл ажиллагааны чиглэл, хэлбэрийг хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй сонгох зэрэг зарчмыг баримтална хэмээн заажээ.

Энэ хуулийг Соёлын салбарыг дараагийн төвшинд ахиулах сайн хууль болсон гэж хууль санаачлагчид болон салбарын хүмүүс үнэлж байгаа. Харин тус хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх явцад цөөнгүй гишүүдээс соёлын өвийн үнэт зүйлийг хадгалах хамгаалах болон энэ салбарт  ажиллаж байгаа хүмүүсийн цалин урамшуулал, санхүүжилтийг дэмжсэн ямар зохицуулалт тус хуульд орсон талаар тодруулж байлаа.

Дээрх гишүүдийн асуултад тус хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хууль батлагдсанаар хэрэгжих хэд хэдэн чухал зохицуулалтыг онцлон хариулсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг

 Соёлын тухай хуулийг шинэчлэн баталснаар:

  • Үндэсний өв соёл, үнэт зүйлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болно
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, баялаг бүтээнэ
  • Соёл судлал, үндэсний соёл урлагийн байгууллагуудыг бэхжүүлнэ
  • Мэргэшлийн зэргийн нэмэгдэл, цалин хөлс, урамшууллын тогтолцоог бүрдүүлж, орон нутгийн соёл урлагийн ажилтнуудад 5 жил тутам 6 сарын цалингийн хэмжээтэй нэмэгдэл олгоно
  • Үндэсний соёлын орчин, орон зайг хөгжүүлэх, соёлын боловсрол олгох тогтолцоо бүрдүүлж, соён гэгээрлийн үйл ажиллагааг дэмжинэ
  • Соёлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлнэ
  • Хяналт, хариуцлагын тогтолцоог улсын хэмжээнд бүрдүүлнэ г.м олон чухал өөрчлөлт, ахиц дэвшлийг авчирч байна

Сoёл бол үндэстэн оршихуйн баталгаа, тусгаар тогтнолын дархлаа тул хуулиар хамгаалж, дэмжиж хөгжүүлэх шаардлагатай. 25 жил орхигдсон, өөрчлөлт ороогүй Соёлын тухай хууль батлагдаж байгаа нь нэг том дэвшил гэдгийг тэрээр тодотгосон юм.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Соёлын салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзахдаа тус салбарынханд таатай мэдээллийг хуваалцаж байлаа.

                                   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ


Гадаадад гарч болох соёлын бүх контентыг Засгийн газраас онцгойлон дэмжинэ. Үүнийг эдийн засаг гэж үзье. Мэдээж бид дотооддоо хийх нь зөв, үүнийг та бүхэн чадаж байгаа. Гэхдээ гадаадад экспортлоход хөгжлийн банк, бусад эх үүсвэр, бонд гаргах, төсвийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаа өрнүүлэхэд тань дэмжье. Та бүхэн нэг алхах бол би хоёр алхахыг эрмэлзэж ажиллах болно хэмээн илэрхийлж байсан. 

Соёлын салбарын хөгжлийг дэмжиж, дараагийн шатанд гаргах хууль эрх зүйн орчин бүрдлээ хэмээн салбарынхан нь хүлээлттэй байгаа тус хууль 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ