http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээлээ
2021.08.14
Эдийн засаг, Худалдаа

“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг нээлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Эдийн засгийн чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулж, нээлээ. Нээлтийн ёслолд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон бусад албаныхан оролцлоо.

Замын-Үүд нь Евро-Азийг холбодог зам харилцаа, худалдаа наймааны урсгалын уулзвар бөгөөд манай улсын эдийн засагт онц ач холбогдол бүхий хилийн боомт билээ.

“Замын-Үүд” чөлөөт бүс ашиглалтад орсноор эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн III, IV хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулаад байна. Эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар чөлөөт бүс төдийгүй Замын-Үүд сум бүхэлдээ эрчим хүч, дулаанаар хангагдах юм.

2011 онд баталсан ерөнхий төлөвлөгөөгөөр улсын төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 362 га талбайд барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж 2015 онд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан бөгөөд одоогоор Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламж барьж Улсын комисст хүлээлгэн өгөөд байна. 

“Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомтод үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулаад зогсохгүй эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц тавигдсанаар Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхүндсэн талбар нь Дорноговь аймаг болох юм. 

“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах боломж ч давхар нээгдэнэ. Үүнийгээ дагаад ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.Чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд оруулснаар, гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ