http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ-ны ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай цахим уулзалт хийв
2021.07.27
Эрүүл мэнд

НББХ-ны ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай цахим уулзалт хийв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.07.26/ эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын удирдлага, төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.

Дээрх ажлын хэсгийг Байнгын хорооны 2021 оны долоодугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар  байгуулсан юм. Цахим уулзалтыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ ажлын хэсгийн зорилгыг тэмдэглэж, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эмийн экспорт, импортын талаар болон тусгай зөвшөөрөл зэрэг өргөн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллана гэв. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлсэн үгэндээ ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооноос гадна шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх учир Улсын Их Хурал, Засгийн газраас гаргах шийдвэрт чухал нөлөөлөх саналуудыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулах талаас санал хэлэхийг оролцогчдоос хүслээ.  

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийснээр ажлын хэсгийн зорилго, чиглэл, сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, П.Анужин, Б.Бейсен, Д.Өнөрболор нар эрүүл мэндийн салбарын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Гишүүд хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага ямар байгаа талаар болон шинэчлэлийн менежментийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог шуурхай хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, мөн их эмч, сувилагч, ажилтнууд яг хэдэн төгрөгний цалин, нэмэгдэл авч байгааг, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал байна уу гэдгийг тодруулж, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариулт өглөө.  

    Дараа нь оролцогчид Эрүүл мэндийн яамны харъяа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо гэсэн дарааллаар санал хэлэхдээ салбартаа тулгамдаж буй гол гол асуудлыг хөндөн, шийдвэрлэх талаар хэлэв. Тухайлбал, төсвийн хүндрэл, гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж буйтай холбоотой тулгамдсан асуудлын талаар түлхүү санал хэлэв  

Мөн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, М.Оюунчимэг нар цахим уулзалтын үр дүн, бусад асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, эрүүл мэндийн салбарынхны хамтын ажиллагаа, ажлын хэсгийн ажлын үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарт иргэдэд өгөөжтэй маш том өөрчлөлт, дэвшил гараасай гэж хүсэж буйгаа уулзалтын төгсгөлд тэмдэглэв. Энэхүү цахим уулзалтад эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын төлөөлөл болох 35 хүн танхимаар, 275 хүн цахимаар оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ