http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Өдөрт хилээр 100 машин гарч байгаа бөгөөд энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурчээ
2021.07.05
Орон нутгийн хөгжил

Өдөрт хилээр 100 машин гарч байгаа бөгөөд энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар 2021.07.02-ны өдөр Замын-Үүд суманд ажиллалаа.

Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны тээврийн хэрэгсэл дугаарлаж байна.

Өдөрт хилээр 100 машин гарч байгаа бөгөөд энэ нь жирийн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлт юм. Харин хоёр талдаа бөөгнөрөл үүсээд байгаа билээ. Хилийн боомтын үйл ажиллагаа болон халдвар хамгаалал, ариутгалын ажлыг сайжруулах, хилийн хяналтын таван байгууллагыг зангидах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг бүрэн эрхт төлөөлөгчөөр, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Ц.Жавхланбаатарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томиллоо.

Аймаг, орон нутгийн удирдлагууд, яам агентлагийн дарга нар, тээврийн жолооч нартай тус тус уулзалт хийж, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэж болох асуудлуудын талаар ярилцлаа. Эрээний боомт дээр гацаад буй Монголын бизнес эрхлэгчдийн захиалгатай барилга, барилгын материал, хүнс, гэр ахуй болон өргөн хэрэглээ бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг, багаж хэрэгсэл, бодис, төрөл бүрийн түүвэр ачаа, шуудан, сайжруулсан түлшний бэхжүүлэгч зэрэг хүлээгдэж байгаа барааг татан авах чиглэлд анхаарах, Замын-Үүдэд бөөгнөрсөн тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, Замын-Үүд өртөөнд Эрээнээс орж ирсэн ачааг автомашинаас вагонд ачиж төмөр замаар тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын ачааны татан авалттай уялдуулж Улаанбаатар болон 21 аймгаас ирэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг яаралтай зохицуулахаар ярилцаж, зарим асуудлуудыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайдын зүгээс төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж, тээвэрчдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж, 30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, солих хүртэл арга хэмжээ авна гэж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ