МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалмаа гишүүн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүрэн төлөөлөн ажиллаж чадлаа
2021.07.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Жаргалмаа гишүүн Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бүрэн төлөөлөн ажиллаж чадлаа

Улсын Их Хурал Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч бааса гараг буюу 2021.07.02-ны өдөр баталлаа. Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, үндэсний онцлог, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн манай улсын 1.1 сая ажиллагсад, нийт ажил олгогчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулах хуулийг ийнхүү баталж байна. Энэ хуулиар Хөдөлмөр эрхлэлтийн гуравласан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил үүргээ гүйцэтгэх, туслах малчнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрүүд зохицуулагдах юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, байнгын асаргаа шаардлагатай хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд дэмжлэг үзүүлэх зохицуулалтууд орсон нь томоохон дэвшил боллоо. 

Хөдөлмөрийн тухай хууль нь 2018 оны гуравдугаар сард анх УИХ-д өргөн баригдсан ч хуулийн үйлчлэл, хамрах хүрээ асар өргөн тул талуудын байр суурь, цаг үеийн өөрчлөлт, 3 талт оролцогчдын санал зэргийг нарийн тусгаж 3 ч парламент дамжин хэлэлцэгдэж, ийнхүү батлагдсан юм. Хуулийн ажлын хэсэг зөвлөлдөх ардчиллын зарчмыг баримтлан ард нийтээс нээлттэй байдлаар хуулийн төсөлд тусгах санал авсанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой 21 санал ирүүлжээ. Эдгээр саналын 20 нь хуульд тусгагдсан байна. 

Өмнөх хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамааралтай цөөн заалт байсан. Харин батлагдсан шинэ хуулиар 144 дүгээр зүйл буюу бие даасан зүйл заалт болгож оруулсан байна. Ажлын хэсгийн зүгээс өмнөх хуульд байсан хэрэгжих боломжгүй, хэрэгждэггүй заалтуудыг амьдралд хэрэгждэг болгоход ихээхэн анхаарч ажиллажээ. Тухайлбал 25 ба түүнээс дээш ажилтантай ажил олгогч нийт ажилтны 4%-тай тэнцэх хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангана гэсэн заалт байдаг байсан ч хэрэгждэггүй байсан. Үүнийг шинэ хуульд 4%-иас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна. Хэрвээ ажиллуулахгүй бол Хөгжлийн бэрхшээлтэйиргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төлөх болно гэж заасан. Энэхүү дэд сангийн хөрөнгийг эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажилтай байлгах боломжийг хангахад зориулах юм байна. 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асарч байгаа иргэнд энэ хуулийн тодорхой заалтуудаар дэмжлэг үзүүлэх боломжуудыг нээсэн. Мөн байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа ээж, аавд энэ хуулиар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх боломжуудыг нээсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байргүйгээс болоод гэрээрээ хөдөлмөр эрхлэх, бичил үйлдвэрлэл явуулах, гар урлал хийх зэрэг. Энэ хөдөлмөрийг нь дэмжих боломжийг нь нээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх тухай заалт орсон нь уг хуулийн гол онцлог юм.”
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн Ажлын хэсэгт гишүүнээр ажилласан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хангах, дэмжих зохицуулалтуудыг сайн тусгаж чадсан бөгөөд хуулийн хэлэлцүүлэг бүрт энэ чиглэлээр тогтмол үг хэлж, эдгээр иргэдийнхээ дуу хоолой нь болж, бүрэн дүүрэн төлөөлөн ажиллаж чадсан юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ШИНЭ МЭДЭЭ