МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.07.02
Гадаад харилцаа

Ж.Ганбаатар: Гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлд хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Ерөнхийлөгчийн анхны томилгоонд хүндэтгэлтэй хандаж 90 хувийг нь дэмжиж байна. Жишээлбэл: Ө.Энхтүвшин дарга, Б.Баярсайхан багш, Г.Мөнхбаяр дарга гээд дэмжиж байна. Дэмжихгүй хүмүүс байна. Алтангэрэл гэдэг хүн дээр Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгаа Монголын амьдралаа мэдэхгүй байж, Монголын ЖДҮ эрхлэгч нарыг Монголд хөрөнгө татах талаах, Монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлох талаар тэр хүн яаж ярих вэ? Ц.Мөнх-Оргил гишүүний хэлж байгааг сонсохоор энд ирээд 4-5 жил ажилласан байх ёстой юм байна. Н.Анхбаяр даргаас асуухад энэ зарчимдаа нийцэж байна уу? Я.Содбаатар дарга нийцэж байгаа гэж байна.

Гадаад харилцааг эдийн засагжуулах гэдгийг хүмүүс бүгдээрээ л ярьдаг. Гадаад харилцаа, эдийн засаг чинь сайхан болсон улс алга байна. Одоо та бүхэн өөрсдөө хар. 30 гаруй жил явлаа гадаад харилцаа ашигтай гараад Монгол Улсын бараа бүтээгдэхүүн экспортлогдоод, Монгол Улсад хөрөнгө оруулалт нь амжилттай явсан улс алга. Хоёр хөрш чинь ч байхгүй байна. Үүнийг сайхан, мундаг гэх үү?

Швейцарийн Холбооны Улсад суух гэж байгаа Элчин сайд Р.Алтангэрэлийг, ХБНГУ-д суух гэж байгаа Б.Мандахбилэг, Арабын Нэгдсэн Эмират улсад суух гэж байгаа Ш.Одонбаатар нараас Гадаад харилцааг эдийн засагжуулна гэдгийг юу гэж ойлгож байна вэ? Эдийн Засгийн Байнгын хороонд өнгөрсөн хугацаануудад Польш, Австрали, Казакстан улсуудаас ЖДҮ-ийг эрхлэгч нарын талаар явуулж байгаа бодлогын талаар тайлан ирсэн. Бусад улсуудаас ирээгүй.

Одоо томилогдож байгаа Элчин сайдын яамдуудад хандаж хэлэхэд: Эдийн Засгийн Байнгын хороо бол томилгоонд чинь оролцдоггүй, юм ярихгүй. Харин тухайн улстайгаа эдийн засгийн ямар харилцаа үүсгэв, ЖДҮ-ийг яаж дэмжив, ямар бараа бүтээгдэхүүнүүд экспортлох болов гэдэг талаараа ядаж жилд хоёр удаа тайлан ирүүлж байхыг хүсье. Та бүхэн 2-3 жилд нэг удаа ирээд тайлан хийх байх. Тэр үедээ Эдийн Засгийн байнгын хороо дээр энэ асуудлуудыг ярьж баймаар байна. Энэ бол гадаад улсад очоод өөрийнхөө улсыг хүлээн зөвшөөрүүлэх асуудал гэж байхгүй харин эдийн засгийн асуудал байгаа юм. ЖДҮ эрхлэгч гэхээр би хувийн компани яриад суухгүй гэдэг Элчин Сайд байдаг шүү. Өөрөө өөрөөсөө ичээрэй. ЖДҮ эрхэлдэг гэхээрээ савхи савхин эдлэл, архи дарс гэдэг асуудал байхгүй. Монгол Улс тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болсон. Монголдоо ирээд үүнийгээ хараад, амьдралдаа уусах ёстой.

Монгол хүмүүс юм хийж чадаж байгаа. Тэрийг нь гадаад улсуудад танилцуулж, гадаадын үзэсгэлэн худалдаануудад оролцуулж өгмөөр байгаа юм. Түүнээс биш мөнгө төгрөг гуйгаад л тэдэн төгрөг олоод өгье гэдэг ААН-ийн хөгжил арай өөр болсон шүү Элчин сайдуудаа. Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулна гэдэг талаар НҮБ-аас зөвлөмж байдаг. Элчин сайдуудад гаргасан улс орнууд руугаа яаж эдийн засгийг татах вэ гэсэн тавин хуудас зөвлөмж байгаа. Элчин сайдууд мэдэж байгаа байх гэж найдаж байна. 

Түүний асуултад Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэг, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ