2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Цар тахлын үед хурдтай, оновчтой шийдвэр гаргаад ажиллах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас гаргах бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр шуурхай арга хэмжээнүүдийг авч ирсэн. Энэ зарчмын хүрээнд орж ирж байгаа асуудлуудыг дэмжиж байна.

Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал тун амаргүй, хүнд байна. Засгийн газар, УИХ энэ дээр анхаарахгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна. Монгол улсын эдийн засаг бол цомхон. Цар тахал анх гарсан цагаас эхлээд би тодорхой асуудлуудыг хэлж байсан. Ялангуяа тодорхой хэдэн нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнүүдээ гаргадаг, аймаг, бүс нутгаа ногоон бүс байхад анхаарах, цар тахлыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч, хилээ яаралтай хаагаач гэж хэлж байсан. Мэдээж цаг тухайд нь арга хэмжээ авсан.

Гэхдээ нэг хариуцлагагүй албан тушаалтан, нэг хэсэг хариуцлагагүй хүмүүсээс болоод 2020 оны 11-р сард дотооддоо халдвар алдснаар цар тахал даамжирч маш хүнд нөхцөл байдалд хүрлээ. Гадаадад төмөр, нүүрс гаргаж чадахгүй хэмжээнд эдийн засаг хумигдаад ирлээ. Нөгөө талдаа Замын-Үүд, Эрээнээр бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй, түгжигдсэн байна. Цаад талд Тяньжиньд бас маш их бараа түгжээтэй байна.

Тодорхой шийдвэр гаргаж байна уу? Талх, гурил, будааны үнэ огцом нэмэгдээд байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Засгийн газар хөрөнгө мөнгө гаргаад 7-р сарын 1 хүртэл тог, цахилгааных нь төлбөрийг даагаад байдаг. Гэтэл ААН-үүд нь үнээ нэмээд байдаг. Ийм нөхцөл байдал үүсээд байхад, шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ