http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.01) 10 цаг 20 минутад эхэлж, дараах асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг хийв.

Тэрбээр тус Байнгын хорооны харьяа Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын талаарх танилцуулав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 164 санхүүгийн тайлан нэгтгэснээс бие даан дүгнэлт гаргасан 138 хамрагдаж, итгэл үзүүлсэн 7, аудитын түүвэрт 17, аудитад хамрагдаагүй 2 байгууллага байна.

Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 161.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 130.3 тэрбум төгрөгийн 137 алдааг аудитын явцад залруулж, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 68 төлбөрийн акт тогтоож, 22.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 81, хариуцлага тооцуулах 3 албан шаардлага хүргүүлж, 8.3 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 234 зөвлөмж өгөв.

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 158 тайлан нэгтгэснээс дүгнэлт гаргасан 145, итгэл үзүүлсэн 8, аудитын түүвэрт 1, аудитад хамрагдаагүй 4 байгууллага байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 310.6 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 57.3 тэрбум төгрөгийн 151 алдааг аудитын явцад залруулж, 0.3 тэрбум төгрөгийн зөрчилд 90 төлбөрийн акт тогтоож, 148.6 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 219 албан шаардлага хүргүүлж, 104.4 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 339 зөвлөмж өгсөн гэлээ. Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Бейсен нар асуулт асууж, тайлбар авав. Тухайлбал, ажлын байр шинээр болгох ажлын хүрээнд ямар ажил хийгдсэн болохыг тодруулж байв. Засгийн газраас баталсан 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байруудыг хадгалах чиглэлээр голлон ажиллалаа, үүнд иргэн, аж ахуйн нэгжид олгох зээл болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад анхааран ажиллаж байна гэсэн тайлбарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хийв. 

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авч дууссаны дараа “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоол болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ