http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хоёр талт зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцлөө
2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

Хоёр талт зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцлөө

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Засгийн газраас 2021 оны энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хийсэн юм. Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилтууд туссан талаар сайд танилцуулгадаа дурдаад эдгээр зорилтын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байгааг сайд онцлов. 

Төсөл нь Гудамж, замуудын цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.

Уг төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор нийт 10.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага шийдвэрлэх ажээ.

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа нар танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Т.Доржханд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь зээлийн хэлэлцээрийг төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.

ШИНЭ МЭДЭЭ