МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
2021.07.01
Эдийн засаг, Худалдаа

Тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ долоо хоногийн даваа гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн юм. 

Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг яам, төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон Сангийн яам, Үндэсний аудитын газрын удирдлага, холбогдох албан тушаалтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулсан юм.

Харин Гадаад харилцааны яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 52 байгууллагын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитад хамруулж, 8 байгууллагын тайланд дүгнэлт гаргасан. Аудитын явцад 8.4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчлийг арилгуулж, 2.4 тэрбум төгрөгийн алдааг залруулан 100 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 10 албан шаардлага, 15 зөвлөмж хүргүүлж ажилласан талаар Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулсан юм.

Үндэсний аудитын байгууллага тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг хоёр байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт гаргасан. Аудитад Батлан хамгаалах яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний 48 байгууллагын санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын түүвэрт хамруулж, 5.4 тэрбум төгрөгийн алдааг залруулан 28 төлбөрийн акт тогтоож, алдаа дутагдлыг дахин давтахгүй байх үүднээс 27 албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр нар Гадаад харилцааны сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

ШИНЭ МЭДЭЭ