2021.06.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Ч.Ундрам: Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Боловсролын багц хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байна.
Энэ удагийн хууль дээр СӨБ, ЕБ, Дээд боловсрол, Насан туршийн боловсрол гээд бүхий л тогтолцоогоор нь харж сургалтын хөтөлбөр заах арга зүй, сурах бичиг, багшийн цалин урамшуулал хөгжил, багш бэлтгэх хөтөлбөр, боловсролын орчин санхүүжилт, цахим технологийн шилжилт үнэлгээ магадлан итгэмжлэл чанар гэх мэт маш олон асуудлыг оруулж ирсэн гэж ойлгож байна.
Дээд боловсролын тухай асуудал дээр санал байна. Бид МСҮТ, Их сургуулийн асуудлыг хамтад нь цогцоор нь харж хэлэлцэх ёстой. Мөн судалгааны их сургуулийн тухай хууль гээд тусад нь гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Их сургуулийн тухай хуулийн хамгийн гол асуудал бол бие даасан байдал болон академик эрх чөлөө үүн дээр нэмэгдээд академик ёс суртахуун гэж зүйл байдаг. Энэ ёс суртахуун нь оршиж байж эрх чөлөө нь олгогддог. Ингэхгүй бол багш нар хэрэгтэй хэрэггүй хор уршиг тарих судалгаанууд руу явчихдаг.
Эдгээр хуулиудаараа их сургуульд бид нар профессорын тенур тогтолцоог оруулах хэрэгтэй. Мөн засаглалыг нь улс төрөөс хараат болгох шаардлагатай. Хуулийн төсөл дээр бол удирдах зөвлөлийн 51%-ийг удирдах зөвлөлийн гишүүн томилно гэсэн байна. Энэ нь эргээд мерит зарчимд суурилсан засаглалын тогтолцоо биш болоод хувирчхаж байна. Үүнийг бид засах ёстой. Удирдах зөвлөл нь өөрөө олон нийтийг, эрдэмтдийг төлөөлсөн төлөөлөл дундаасаа судлан шалгаруулж ерөнхийлөгчөө томилдог гэх мэт ОУ-ын жишиг рүү явах шаардлагатай.
Их сургуулийн багш нарын мэдлэг, инноваци бүтээж байгаа, ОУ-ын хянан магадалгаа хийгддэг Thomsan Reuters-ийн эсвэл Scopus-ийн индекстэй сэтгүүлд хэр хэмжээний өгүүлэл хэвлүүлсэн зэргээр нь шалгаруулдаг. Эдгээр үзүүлэлтийг хуульд оруулах нэн шаардлагатай.
Элсэлтийн бодлогоо сайжруулах ёстой. ЭЕШ-ын агуулгыг сайжруулж, давтамжийг нэмэгдүүлж 1 жилд 3-5 удаа авдаг болгох нь зөв. Хүүхэд өөрийгөө бэлдээд, илүү сайжраад их сургуульд ордог боломжийг олгох ёстой.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28