МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021.06.29
Улстөр

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 9 цаг 40 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 2 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар болон ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох байгууллагын албан тушаалтнууд ажиллажээ. Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.

Ингээд өргөдөл нь гомдлоос бусад захиргааны байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар гаргасан саналын шинжтэй, эсхүл хуульд заасан өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаар гаргасан хүсэлтийн шинжтэй байх; гомдол болон өргөдлийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээ гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх, нийтэд тайлагнах журмыг Засгийн газар батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан хүсэлтийн шинжтэй өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавих зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж хариуг авах, шийдвэрлүүлэх эрхтэй зөрчилдөж байх тул төслөөс хасах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг боловсруулсан гэв. Мөн төслийн нэр томьёог төслийн зүйл, хэсэг, заалт хооронд болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байх тул хууль санаачилагчид нь буцаах  зэрэг асуудлыг тусгасан болно. Тодруулбал, ажлын хэсэг хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 8 санал, найруулгын 4 санал, хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд 1 саналыг тус тус бэлтгэн томьёолжээ.

    Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд хүчингүй болж байгаа, иймд дээрх хуулийн зохицуулж байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар асуулт асууж, хариулт авав.

Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өргөдөл, гомдол гаргана гэдэг нь захиргаанд хандаж байгаа үйл ажиллагаа, Захиргааны ерөнхий хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд захиргааны акттай холбоотой иргэдийн санал, гомдлыг төслийн хүрээнд шийдвэрлэснээрээ манай улсын захиргааны үйл ажиллагаа нэг хуулиар зохицуулах бололцоо бүрдэж байгаа гэдгийг тайлбарлав. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болох ч бүхий л зохицуулалтууд нь бүрэн агуулгаараа Захиргааны ерөнхий хуульд тусах болно гэлээ.

Үүний дээр хуулийн этгээдийн өргөдөл, гомдол гаргах асуудлыг тусгаж, зохицуулах юм байна. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэдийн өргөдөл, гомдол гаргах эрхийг баталгаажуулахын дээр нэмээд өргөжүүлж байгаа талаарх тодруулга, тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар гишүүн хийлээ.

Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэдэг байсан зохицуулалтыг хуульд өөрөөр заагаагүй бол 21 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх, саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгдөг байсныг 60 хоног болгох зохицуулалтыг тусгасан болохыг онцолж байв. Мөн цахим болон бусад хэлбэрээр өргөдөл, гомдол гаргах боломжийг нэмэгдүүлснээрээ одоо хэрэгжиж буй хуулийн нөхцөлийг сайжруулсан гэв.

    Ийнхүү ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ