МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Залуу малчдын амьдрал ахуйд бодит дүн шинжилгээ хийх ёстой
2021.06.25
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баярсайхан: Залуу малчдын амьдрал ахуйд бодит дүн шинжилгээ хийх ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ" хуралд үг хэлээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо багасаж, мал маллах сонирхол буурч байгаа хэд хэдэн тодорхой шалтгааныг онцолсон юм.

Үүнд:

  • 1. Амьдрах орчин, орон сууц: Одоогоор байдлаар малчдын 90 гаруй хувь нь гэрт амьдарч байна. Малчин эмэгтэйчүүдийн ѳдѳрт гэр орны ажил мал аж ахуйн ажлын 70 гаруй хувийг хийж гүйцэтгэдэг. Энэ амралтгүй ажлаас болж эмэгтэй залуу малчид маань малчин болох сонирхол буурч байна гэж харж байна. Малчид жилийн бараг 7 сарын хугацааг өвөлжөөндөө өнгөрүүлдэг.Тиймээс өвөлжөөнд нь усанд орох өрөө, гал тогоотой дулаахан орон сууцтай болсоноор олон асуудал шийдэгдэх болно. Дээрх судалгаанд ч мөн малчин эмэгтэйчүүд усанд орох тохитой амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн байсан.
  • 2. Худаг усны хангамж: Айл ѳрх бүр усны дутагдлаас болоод олон сѳрѳг үр дагавар гарч байна. Мал хорогдох айл ѳрхийн ундны усны дутагдлаас болж эрүүл мэнд ѳвчлѳх олон шалтгаан бий болж байгаа нь жендэр харгалзахгүй залуучууд мал маллах сонирхолгүй болж байгаа талаар орон нутгийн ахмад малчид маань их хэлдэг асуудал юм.
  • 3. Малын тэжээл: Монгол орны бэлчээрийн даац хэтэрсэнээс ѳвс ургамлын гарц муудаж мал хорогдож малчид эдийн засгийн маш их хохирол амсаж байна. Залуу малчдыг тэжээл тариалах аргачилалд сургаж малын зүй бус хорогдлоос сэргийлж чадвал малчдын амьжиргаа сайжрах юм.
  • 4. Хот айлаар болон хоршиж амьдрах хэв маяг: Хоршиж айл хотлоороо болсоноор нийгмийн олон чухал асуудал шийдэгдэнэ. Үүнд цас зуд байгалийн гамшигийг даван туулах, хѳдѳлмѳрөө зѳв хоршиж малын тэжээл бусад ажлаа хамтарч хийдэг болно. Мѳн зардал бууруулж зах зээлд хамтарч оролцох хүүхдийн боловсролын асуудал амарч сувилуулах зэрэг олон хүндрэлтэй асуудлууд бүрэн шийдэгдэнэ.
  • 5. Залуу малчдын тусдаа амьдрах асуудал: Сүүлийн жилүүдэд ялангуяа 6 настай хүүхдээ сургуульд оруулахын тулд эхнэр нь сумын төвд шилжин сууршиж нөхөр нь малаа харж үлдэх хэвшмэл хандлага тогтох боллоо. Энэ нь хөдөө, орон нутагт сургуулийн хүүхдийн дотуур байрны орчин муу, эцэг эх 6 настай хүүхдээ итгэж өгөхгүй байгаатай холбоотой. 2021-2023 онд Эрдэнэт ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд 819 ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн өрөөгөөр тохижуулах ажил хэрэгжиж УИХ-д ажлын хэсэг байгуулагдан энэ оны 6 сард 120 гаруй ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг өөрчлөх 1 дүгээр ээлжийн ажил эхлээд байна. Энэ нь орон нутагт хүүхэд аятай тухтай орчинд амьдарч суралцах эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж буй боловсролын салбарын маш том шинэчлэл юм. 6 настай хүүхдээ жорлонд уначихгүй, халуунд халж, хүйтэнд даарахгүй тухтай орчинг бүрдүүлэх нь залуу малчид тусдаа амьдрах хандлагыг багасгах төрийн бодлого гэж харж найдаж байна.
  • 6. Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх байдал: Малчин эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийнхээ эрүүл мэнд, бэлгийн боловсролын талаар анхаарч сургалт мэдээлэл зайлшгүй өгөх шаардлагатай. Алслагдсан малчны хотондоо хэл чимээ өгч чадахгүй хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн талаар судалгаа мэдээлэл тэр бүр байдаггүй. Иймд энэ төрлийн судалгааг орон нутагт хийх, мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна гэж харж байгаа.
  • 7. Туслах малчдын асуудал: Шинэчлэн батлагдаж буй хөдөлмөрийн тухай хуульд орчин үеийн хөдөлмөрийн харилцаанаас үүдсэн олон чухал заалт тусч байгаагийн нэг нь ТУСЛАХ МАЛЧНЫ асуудал юм. Тус хуулийн 71 дүгээр зүйл тэр чигээрээ Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах тухай зохицуулалтууд орсон.
  • 8. Малчдын Цус ойртолттой холбоотой асуудал: Г.Тэмүүлэн нарын гишүүд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлууллаа. Уг төсөлд цус ойртолтын эсрэг“ЦЭВЭР МОНГОЛ ЦУС” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргасан. Хөдөө, орон нутаг гэлтгүй залуучуудын ураг, удмын сангийн мэдлэгээ дээшлүүлэх хөтлөх томоохон алхам хийх ёстой.

Эдгээр залуу малчдад тулгардаг жендэрийн асуудлуудыг шийдвэрлэснээр залуу малчдын халаа нэмэгдэнэ гэж үзэж байна. Уг судалгааны үр дүн, зөвлөмжүүдийг Завхан аймгийнхаа удирдлагуудад түгээж бодлого боловсруулахдаа онцгой ашиглан ажиллахыг хэлэх болно. Бид эрдэмтэн судлаачдынхаа санал, шийдлийг бодлогын хэрэгжилтэндээ тусгах, сайжруулах, хамтран ажиллахад үргэлж нээлттэй байгаа гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ