МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгууллаа
2021.06.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны зургадугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.

Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа залуучуудыг хүн амын бүлгийн хувьд нийгэм-эдийн засгийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжлийг түүчээлэгч гэж үзэж байна.

Манай улсын хүн ам 2020 онд 3.3 саяд хүрч, үүнээс 1 сая гаруй нь 15-34 насны залуучууд байна. Залуучуудын бүлэг нийт хүн амын 33.7 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 46.5 хувийг бүрдүүлж, хөдөлмөрийн насны хүн амын нийгэм, эдийн засагт үзүүлэх хамгийн таатай үе тохиож байгаа бөгөөд энэ нь 2030-аад он хүртэл үргэлжилж, үүнээс цааших хугацаанд хүн ам идэршиж, улмаар насжилтын үе эхэлнэ.

Хүн ам зүйн энэ зурвас үед залуучуудаа боловсрол, мэдлэгтэй, мэргэжилтэй, эрүүл саруул оюун ухаан, эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлж, ажил орлоготой болгох талаар Улсын Их Хурлаас тогтвортой, тодорхой зорилго чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх, цаашид залуучуудын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж төрийн дэмжлэг, оролцоог оновчтой болгох шаардлагатай хэмээн гишүүд үзсэн байна.

Иймд Улсын Их Хурал дахь залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлгийг байгуулжээ.

ШИНЭ МЭДЭЭ