Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь ногдуулж эзэмшүүлэх хуулийн төсөл санаачилжээ
2021.06.22
Барилга, Хот байгуулалт

Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь ногдуулж эзэмшүүлэх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сонгуульд нэр дэвшихдээ тойргийнхоо иргэд, сонгогчдод хамгийн их ярьж, хөндөж байсан асуудал бол “Нийтийн орон сууцны доорх, орчны газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь ногдуулж эзэмшүүлэх” тухай байсан. Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш нэг жил хугацаанд дээрх асуудлын хүрээнд маш их судалгаа хийсэн бөгөөд судлах ажлаа дуусган Баянзүрх дүүргээс хамт сонгогдсон гишүүдийн хамтаар хуулийн төсөл санаачиллаа.

Тэрээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нарын хамт “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, уг хуулийн төсөлд холбогдох саналыг авах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Хуулийн төсөлд санал авах тухай

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага:

"Газар бол улсын үндэс". Улс гэдэгт төр ч, иргэн ч, хил ч цөм багтана. Газарт том, жижиг үл харгалзан алхам, сөөм газар ч улсын тусгаар байдлын үндэс, тулгуур байдаг. Иргэн хүний хувьд хувийн өмчийн газар гэдэг бол оороосоо гадна хойч үеэрээ өв залгамжлан дамжих хамгийн баталгаатай ому хөрөнгө байдаг. Газраас бусад бүх хөрөнгө элэгдэж, устаж, нурж, шатаж үгүй болдог бол чухамхүү газар л тийм биш учраас хамгийн үнэтэй бөгөөд баталгаатай "үл хөдлөх хөрөнгө" байж чаддагийн учир ийм Тиймээс газартай холбогдсон харилцааны эрх зүйн зохицуулалтаас улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хөгжлийн үндэс баялгийн тэгш хуваарилалт, аюулгүй байдал, хувь хүний хөгжил, өмчлөх эрхийн баталгаа гээд бүх зүйл хамаарч төлөвшдөг.

Манай улсын хувьд 2003 оноос өмнө түүхэндээ хэзээ ч газрыг хувьчилж байгаагүй богоод газрыг улс буюу төр л мэдэхээс хэзээ ч хувь хүн мэдэлдээ байлгах эрхийн харилцааг хуульчлан зөвшөөрч байгаагүй. Тэр байтугай газартай салшгүйгээр бэхлэгдсэн орон сууцыг ч хувь хүний өмчлөлд 1996 оноос хойш л шилжүүлэх эрх зүйн орчин анх удаа бүрджээ. Өөрөөр хэлбэл, он цаг дарааллын хувьд 1996 онд орон сууцны хувьчлал, мөн 1996 онд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 2002 онд Иргэний хуулийн шинэчлэл, 2003 онд Газрын тухай хууль, газар хувьчлалын тухай эрх зүйн орчин бий болон өнөөг хүрлээ.

Газрыг өмчлөх эрхтэй болсноор иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, өмчтэй байх эрх бодитой хэрэгжих үндэс болсон хэдий ч газрын харилцааг зохицуулах явцад Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газартай холбоотой бусад багц хуулиуд болох Усны тухай, Ойн тухай хуулиуд, тэдгээрт нийцэн гарах бусад дүрэм журмын нэгдсэн байдал, харилцан шүтэлцээтэй байх чанар бүрэн алдагджээ. Ганц жишээ дурдахад Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт "Барилга, байгууламж барих эрх нь заавал тодорхой хугацаатай байх бөгөөд энэ хугацаа нь 99 жилээс хэтрэхгүй. Уг эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох болзол тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж заасан бол нэг он (2002 он)-д УИХ-аар батлагдсан Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Б.Энхбаяр гишүүнийн санаачилж, боловсруулсан уг хуулийн төслөөр:
  • Нийтийн орон сууц өмчлөгч 560 гаруй мянган иргэд (хамтран өмчлөгч орвол бараг Монгол Улсын бүх иргэд) орон сууцныхаа доорх, орчны газрыг хувь ноогдуулж эзэмшдэг болно
  • Төрийн байгууллагууд эзэмшлийн газартаа нийтийн орон сууц барьж зардагыг хязгаарлах юм.

ШИНЭ МЭДЭЭ