http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа
2021.05.19
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар танилцууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан боллоо. 

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа нь Хаврын тариалалтын бэлтгэл ажлын явцын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажиллаж байна. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд аж ахуйн нэгж, иргэд 39.0 мянган тонн,  Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС)  5.4 мянган тонн, Улсын нөөцийн салбараас 3.0 мянган тонн нийтдээ дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсний зэрэгцээ улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан зургаан аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10.0 мянган тонн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулснаар тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 284 иргэн,  аж ахуйн нэгжид 9.7 мянган тн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.  Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, зорилгоор Засгийн газрын 2021 оны 142 дугаар тогтоол гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Энэхүү тогтоолын дагуу  импортын улаанбуудайн үрийн үнийг 30, хүнсний ногооны үрийн үнийг 80, төмс, хүлэмжийн нийлэг хальсан хучлаганы үнийг 50 хувиар тус тус хөнгөлөхөөр шийдвэрлэснийг онцолсон.  

Тариалангийн үйлдвэрлэлд нийтдээ 19.5 мянган тонн шатахуун шаардагдахаас зөвхөн хаврын тариалалтыг хэвийн явуулахад 7.8 мянган тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Тиймээс технологийн ажилбаруудыг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг хөнгөлөх зорилгоор хэрэгцээт шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгох шийдвэрийг гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Ковид-19 цар тахлын  улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4,5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил  урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж  тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, саримсны тариалалт 05 дугаар сарын 03-наас, улаанбуудайн тариалалт 05 дугаар сарын 10-наас  эхлээд байна. 05 дугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээгээр 77.0 мянган га-д үр тариа, үүнээс 75.9  мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1.0 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4  мянган га-д тариалалт хийснээр  улсын хэмжээний үр тарианы тариалалт 19.8 хувьтай,  үүнээс улаанбуудайн тариалалт  20.6 хувь, төмс 12.9 хувь, хүнсний ногоо 10.4 хувь, малын тэжээл 0.2 хувь, тосны ургамал 4.6 хувьтай байгааг салбарын сайд мэдээлэлдээ тодотгов. 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банктай хүүгийн дэмжлэг олгох тухай санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулж арилжааны банкууд зээл олголтыг эхлүүлсэн. “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 574.7 сая төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 16.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, 1.35 тэрбум төгрөгөөр 160.0 тонн төл сонгины үр худалдан авах шатанд байгаа бөгөөд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж байна. Газар тариалангийн зориулалттай шинэ трактор, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлөх, гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар албан татварын хөнгөлөлтөд хамрагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлуулсан гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэлдээ дурдсан.  

Сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Х.Болорчулуун нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс алслагдсан бүс нутгийн аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр байхгүй гэсэн шалтгаанаар  газар тариаланг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй байгаа асуудлыг лавлахын зэрэгцээ хүнсний ногооны үрийн хувиарлалтын хүртээмж, явц болон тэжээлийн тосны үйлдвэрлэлийг дэмжихэд явуулж байгаа бодлогын арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа. 

Газар тариаланг дэмжих 100 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанк, Сангийн яам гэрээ хийсэн арилжааны зургаан банкаар дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа.  Эх үүсвэр байгаа. Харин зээл авах аж ахуйн нэгжүүд аймгийн хөдөө аж ахуйн газруудаараа дамжуулж бүртгүүлж, нэгдсэн мэдээлэлд орж  байгаа. Үүнийгээ зарим аж ахуйн нэгжүүд мэдэхгүй, хамрагдаагүй үлдсэн байж болно. Арилжааны банкуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг гаргаж өгч байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа онцлоод Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 21 аймагт шар манжин, хүрэн манжин, бууцай, тарвас зэрэг 10-аад нэр төрлийн ногооны  үрийг хуваарлисан. Харин сонгины үрийн сонгон шалгаруулалтад маргаан гарсан тул Сангийн яам дээр хэлэлцээд асуудлыг шийдвэрлэсэн. Тосны ургамлын тухайд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулаад үрийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ энэхүү үрийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг санаачлан батлуулж, бодлогын дэмжлэг үзүүлсэн гэж хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ