С.Ганбаатар: АН-д сайн дураар хүчээ өгөхөөр ирлээ
2021.04.29
Улстөр

С.Ганбаатар: АН-д сайн дураар хүчээ өгөхөөр ирлээ

Дөнгөж өнөөдөр МАХН-аас гарч буйгаа мэдэгдэж, өргөдөл намын батлахаа МАХН-ын нарийн бичгийн даргад хүлээлгэн өгсөн С.Ганбаатар АН-ын гишүүнээр элсэхээр болж, намын батлахаа өнөөдөр О.Цогтгэрэлээс гардаж авлаа.

Тэрбээр, энэхүү үйлдлээ тайлбарлахдаа “Монголын ардчилал аюулд орсон байна. Бид зүтгээд байсан, зүтгээд байсан. Гэвч луйварчдыг баяжуулжээ. Ардын нам тэргүүтэй луйварчид баялаг дээр сандайлаад суучихжээ. 17 жил чин сэтгэлээсээ тэмцсэн байна. Одоо тэмцэл хангалттай, одоо ялалт хэрэгтэй. Надтай хамтарч тэмцэж, гадуурхагдаж явсан нөхдүүд УИХ-ын 62 суудлыг 63 болгох гэж хичээсэн. Би тийм үйлд нэгдэхгүй.

Дахиад ганцаардсан тэмцэгч болж явах бус АН-д сайн дураар хүчээ өгөхөөр ирлээ. Хамтдаа хүчээ нийлүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийгээ дэвшүүлж, ялалт авчрах ёстой. Тавантолгой, Эрдэнэт, Оюутолгой дээр сандайлсан луйварчид хүслээ гүйцээх гэж байна. Пуужингийн хурдаар унаж буй МАН-ыг сүйрүүлж, 2024 онд олонхи болохгүй бол болохгүй нь ээ. Ард түмэндээ үр дүн, ялалт авчрах шаардлагатай байна” гэлээ.

Харин АН-ын дарга О.Цогтгэрэл “Монголын ард түмэн Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийг мэднэ ээ. Ард түмэн, үзэл санааныхаа талд, эрх чөлөөнийхөө төлөө ажилчин ангийг хамгаалж явсан хүн. Тиймээс улс төрийн томоохон шийдвэр гаргаж, АН-д элсэхээр болсонд баяртай байна” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ