МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Энэтхэгийн ард түмэнд сэтгэлийн дэм өгөх асуудлаар ярилцав
2021.04.26
Гадаад харилцаа

Энэтхэгийн ард түмэнд сэтгэлийн дэм өгөх асуудлаар ярилцав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр /2021.04.26/ бүлгийн гишүүдтэйгээ цахим уулзалт хийж, БНЭУ-д “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, онц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх асуудлаар ярилцлаа.

Бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд хэлэхдээ, БНЭУ нь манай улстай өнө эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд амжилттай хөгжиж байна. Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт өргөн хүрээний харилцаатай БНЭУ-ын тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж буй юм гээд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг AstraZeneca вакцины буцалтгүй тусламжийг манай улсад хамгийн анх илгээснийг онцлов.

Парламентын бүлгийн гишүүд БНЭУ-ын ард түмэнд хүнд цаг мөчид нь туслах санаачилга ард иргэдийн дундаас болон УИХ, Засгийн газрын түвшинд өрнөж буйг тэмдэглээд, парламентын бүлэг энэ үйлст манлайлж оролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Энэтхэгийн ард түмний хувьд нөхцөл байдал онц аюултай хэмжээнд хүрсэн учир Монголын ард түмнээс сэтгэлийн дэм болгож тодорхой хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зөв гэдэгт парламентын бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.

БНЭУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч дэмжлэг үзүүлэх асуудлыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулахыг Засгийн газартай санал солилцсоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа бүлгийн дарга Б.Саранчимэг цахим уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад “Ковид-19” вирусний халдварын тоо өдөрт 350 гаруй мянга орчмоор нэмэгдэж, нас баралт маш өндөр түвшинд хүрснийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолсоор байна.

Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 27 гишүүнтэй, хоёр улсын харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг юм.

ШИНЭ МЭДЭЭ