МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлнэ
2021.04.26
Улстөр

УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газарт шаардлага хүргүүлнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ, Коронавируст халдвартай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг хэлэлцсэн байна.

Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу удахгүй УИХ-ын Төсвийн байнгын хороогоор тус байгууллагын үйл ажиллагааны 2020 оны тайланг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн төсвөө 2017 онд 9.6 тэрбум төгрөг байсныг 2020 онд 21.7 тэрбум, 2021 онд 27.2 тэрбум төгрөг болгон огцом нэмсэн байна. Төсөвт хяналт тавих байгууллага нь өөрөө төсвөө олон нэмүүлж байгаа нь эрх баригчдын нөлөөнд автсан байх магадлалтай хэмээн тус бүлэг үзэж байгаа аж.

Мөн Ардчилсан намын бүлэг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил нь шинжлэх ухаанч бус, зохион байгуулалт муу байгаа төдийгүй үүсэж буй аливаа асуудалд цар тахалтай гардан тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгах сөрөг хандлага гаргаж байна хэмээн тус бүлэг дүгнэсэн байна.

Бүлгийн өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн тухай мэдээлэлд албан ёсоор тайлбар өгсөн байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Намын болоод гишүүдийн нэр барьсан ташаа мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Түүнчлэн бүлгээс Засгийн газраас цар тахалтай тэмцэх хүрээнд зарцуулж буй төсөв мөнгө, уул уурхайн томоохон төслүүдэд ажилд хяналт тавьж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд танилцуулах ажлын баг байгуулахаар болов.

ШИНЭ МЭДЭЭ