МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн зүгээс Н.Учрал гишүүнд өгсөн “ТАШУУР” юу вэ?
2021.04.21
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Нийгмийн зүгээс Н.Учрал гишүүнд өгсөн “ТАШУУР” юу вэ?

...Тэрээр эмнэлэгт байхдаа хүртэл ажлын алба, туслахуудаараа дамжуулан Хувийн тэтгэврийн тухай хуульд анхаарал хандуулсаар л байсан. Энэ хууль зүгээр ч нэг Н.Учрал гишүүний санаачлаад, УИХ-аар хэлэлцүүлээд байгаа зүйл биш Монгол Улсын иргэн бүрт хамаатай учраас тогтолцооны шинэчлэл хийгдэх эрх зүйн томоохон зохицуулалт юм. 

Өнгөрсөн намрын Улсын Их Хурлын ээлжит чуулганаар Тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хүрээнд санаачлан өргөн барьсан "Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэж Улсын Их Хурлаар цаашид хэлэлцэхийг дэмжсэн.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барив. 2020.05.13

 

Улсын Их Хурлын даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 4 сарын хугацаанд ажиллаж энэ хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьсан билээ.

25 жилийн өмнө шилжсэн хувь тэнцүүлсэн тэтгэврийн тогтолцооны гажиг 2012 оноос мэдэгдэж эхэлсэн. Хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн сангийн хөрөнгө хүрэлцэхгүй, жил бүрийн төсвөөс 500 гаруй тэрбум төгрөгийн татаас авсаар өдийг хүрсэн. Үүгээр зогсохгүй тэтгэврийн хэмжээ бага байгаагаас гадна 2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарах судалгаа гарсан нь одоогийн тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсныг илтгэж байгаа.

Тиймээс УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн Хувийн тэтгэврийн хуультай болох төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Монголд тохирсон хийгээд хувь тэнцүүлсэн тогтолцоотой хослуулах боломжтой учраас хувийн буюу хуримтлалын санг хамгийн түрүүнд бий болгох нь зөв гэж үзжээ.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар

Хуулийн төсөлд тусгагдсан иргэн буюу тэтгэврийн даатгалын шимтгэл төлөгч, тэтгэвэр авагчид үүсэх эрх, боломжийн талаар онцолбол;
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг хуримтлалын санд байршуулж, гавьяаны амралтад гарахдаа улсаас ч, хуримтлалаасаа ч зэрэг тэтгэвэр авах боломжийг энэ хуулиар нээнэ. 
  • Хуримтлалын санд ажилтан хоёр, байгууллага хоёр хувийн шимтгэл төлөх бөгөөд өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. 
  • Зөвхөн ажилтан гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн сайн дураар шимтгэл төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.
  • Хэрвээ тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барсан тохиолдолд хуримтлалыг  үр хүүхдүүдэд нь өвлүүлнэ. 
  • Мөн хуримтлалын санг төрийн зохицуулах байгууллагын хяналт дор байгуулагдсан этгээд эрхэлнэ. 
  • Санг хэд хэдэн этгээд үүсгэн байгуулах бөгөөд үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 10-аас ихгүй байх зэрэг зохицуулалтыг хувийн тэтгэврийн хуулийн төсөлд тусгажээ. 
Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжээд байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд дараах байр сууриудыг илэрхийлж байсан. 

Б.САРАНЧИМЭГ: ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХГҮЙ ЭХЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ

Л.ЭНХ-АМГАЛАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН БИЙ БОЛЖ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖИХ ҮҮД ХААЛГУУД Ч НЭЭГДЭНЭ

М.ОЮУНЧИМЭГ: САЛБАРЫН ЯАМНЫ САНАЛТАЙ ХАМТАТГААД НЯХУУР ХЭЛЭЛЦЭЭД ЯВАХ БОЛОМЖТОЙ

Харин хуулийн төслийг хэлэлцэх үед хувь, хувьсгалыг хослуулсан тэтгэврийн тогтолцоотой болох нь зүйтэй ч шинэчлэл нэрээр өмнөх тогтолцоог татан унагшаж болохгүй гэх саналтай гишүүд байсан бол Засгийн газар, салбарын яамны боловсруулсан төсөлтэй уялдуулж илүү сайн хэлэлцэх ёстой гэдгийг ч цөөнгүй гишүүд хэлж байсан. 

Олон мянган хүний нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлсэн хөрөнгийг хадгалах санг хэрхэн удирдах хийгээд урт хугацаандаа баталгаатай байлгах асуудал хамгийн чухал нь үнэн. Мэдээж 30 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ өөртөө зарцуулж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхийг хэн хүнгүй хүсэх нь ойлгомжтой. Харин хуримтлал үүсгэж, иргэдийн мөнгийг урт хугацаанд хадгалж, эргэлдүүлэх найдвартай аж ахуйн нэгж бий юү гэдэг одоогоор эргэлзээтэй. Энэ мэт Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдан хэрэгжиж, өнөөдөр таны төлж буй шимтгэл ирээдүйд тань бус одоо тэтгэвэрээ авч байгаа нэгэнд зарцуулагддаг тогтолцоог шинэчлэх, өөрчлөх цаг болсон. Гэхдээ хэрхэн? яаж? гэдгийг нарийвчлан боловсруулах хэрэгцээ бий. 

Уг хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал олон сар хэвтэн эмчлүүлж байхдаа ч уг хуулийн төсөлдөө зовниж байсны шалтгаан нь ч энэ бизээ. Харин тэрээр эрүүл болоод эргээд ирлээ гэж өөрийн цахим хуудастаа нийтлэх үед доор нь бичсэн иргэдийн сэтгэгдэлийн ихэнх нь түүнийг "хурдан эрүүл болж, ажилдаа орохыг хүсэж байна" гээд араас нь "тэтгэврийн хуулиа үргэлжлүүлж батлуулаарай" гэсэн үгсийг хамтатган бичсэн байлаа. Үүнээс харахад нийгэм түүнд өндөр итгэл хүлээлгэж, мэдлэг чадварт нь эргэлзэхгүй байгаагийн илрэл бөгөөд нийгмийн зүгээс өгч буй ташуур нь Хувийн тэтгэврийн тухай хууль яах аргагүй мөн эдгийг харууллаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал

ШИНЭ МЭДЭЭ