Ц.МӨНХЦЭЦЭГ: Сонгууль бодлогын өрсөлдөөнтэй байх атал мөнгөний өрсөлдөөн болсон
2021.04.20
Улстөр

Ц.МӨНХЦЭЦЭГ: Сонгууль бодлогын өрсөлдөөнтэй байх атал мөнгөний өрсөлдөөн болсон

Сэтгүүлч Б.Бадралмаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн намрын чуулганаар Шүүхийн тухай багц хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулалтаар томилдог болж, хараат бус шүүхийн байгууллагатай болно гэж үзэж байгаа. Тийм эрх зүйн орчин бүрдэж чадсан уу?

-УИХ 2020 онд Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр шудрага шүүхийн тогтолцоо бий болох, нийгмийн бүх салбарт шудрага ёс тогтох томоохон дэвшил болсон гэж үзэж болно. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд шүүх засаглалын томилгоо, шүүхийн ёс зүй, шүүгчдийн хариуцлагад хяналт тавьдаг Сахилгын хороо, шүүгч нарыг мэргэжлийн хүнээр бүрдүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг нь бүгд нэг институд буюу Ерөнхийлөгчийн хяналт дор байж ирсэн. Бүх томилгоо хаалттай байсан гэсэн үг. Тэгвэл анх удаа Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээр бүх шатны шүүгчид, тэдгээрийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа, шүүгчдийг мэргэжлийн хараат бусаар ажиллах шалгуураа сонгон бүрдүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг олон нийтийн нээлттэй сонсголоор сонгогддог болсон.

Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хуульд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан. Ж.Сүхбаатар гишүүн болон миний бие энэ ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хамгийн эхний том ажил нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүн, Сахилгын хорооны таван гишүүний нээлттэй сонгосон шалгаруулалтыг явуулах. Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаас гарч ирсэн хүмүүсийг Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганы нээлттэй хэлэлцүүлгээр тус бүр танилцуулан сонгох юм.

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах. Энэ хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг томоохон шинэчлэл нь 19 дүгээр зүйлд зааснаар улс төрийн нам байгаа. Үүнд улс төрийн нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, бодлогын нам болох ёстой. Намын дотоод үйл ажиллагаа ардчилсан байх, санхүүжилт нээлттэй, ил тод байх, төрөөс олгож байгаа санхүүжилтийг нээлттэй зарцуулна гэж заасан. Тэгэхээр энэ зарчмын дагуу 2015 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа Улс төрийн намын тухай хуульд УИХ энэ бүрэн эрхийн хугацаандаа өөрчлөлт оруулах ёстой. Хуулийн гол үзэл баримтлал нь улс төрийн намын үйл ажиллагаа, зорилго, үүргийг хатуу хуульчилна. Монгол Улсад одоо хэрэгжиж буй хуулиараа улс төрийн намд ямар нэг үүрэг хүлээгээгүй.

Шинэ хуулийн үзэл баримтлалаар нам бодлого боловсруулах, иргэдийн хооронд холбоо тогтоох, иргэн, гишүүд дэмжигчдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлэх, санхүүжилт ил тод байх үүрэг хүлээнэ. Мөн намын бодлого шинэчлэлийн хүрээнд хийх хамгийн том өөрчлөлт нь судалгаанд суурилсан бодлогын нам байх ёстой. Намаас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа нь цаг зуурын шинжтэй, сонгуульд дэмжлэг авах гэсэн популист заалттай байх ёсгүй гэж үзэж байгаа.

Тиймээс нам үзэл баримтлалынхаа дагуу Бодлогын судалгааны хүрээлэн, сангуудтай байна. Тухайн хүрээлэн нь намын үзэл баримтлалын дагуу төрийн бодлогын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн боловсруулна. Намд олгож байгаа төрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бодлогын судалгаандаа зарцуулдаг байхаар хуульчилна. Намын санхүүжилтийн тайлан зориулалтыг хатуу зохицуулалттай болгох юм. Хэрвээ тухайн нам санхүүгийн ил тод байдлаа зөрчсөн бол тухайн намын дараагийн санхүүжилтийг хязгаарлах зохицуулалт хийх юм.

-Улс төрийн намд төрийн намын дотоод асуудалд төрийн оролцоо байна гэх шүүмжлэл бий. Үүнийг хуульд тусгаж байгаа юу?

-Намын дотоод үйл ажиллагаа бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд төр оролцдог байдлыг багасгаж байгаа. Мөн бодлогын нам учраас намын бодлогыг дэмжиж байгаа эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нам дахь иргэний нийгмийн оролцоо, тэгш төлөөллийг хангах асуудлыг энэ хуулийн төсөлд оруулах байх. Энэ хуульд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэг ихээхэн ач холбогдол өгч байгаа.

Үүнээс гадна жилээс жилд сонгуулийн зардал өсөж байна. Сонгууль бодлогын өрсөлдөөнтэй байх атал мөнгөний өрсөлдөөн болсон. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН анх удаа нэр дэвшигчдээсээ хуульд заагаагүй мөнгөн хэлбэрийн дэнчин аваагүй. Үүнийг ард түмэн маш их дэмжиж байгаа харагдсан. Цаашлаад сонгуулийн зардлыг багасгах, сонгуулийг бодлогын өрсөлдөөнтэй байлгах тал дээр анхаарч ажиллана.

-Намын санхүүжилтийг нээлттэй ил тод болгоно гэлээ. Тухайлбал?

-Одоо улс төрийн намд олгож байгаа төсвийн дэмжлэгийг улс төрийн намууд ил болгодоггүй. Намууд тухайн жилдээ аудиторын шалгалт оруулдаг ч хаалттай хэвээр байна. Тэгвэл шинэ хуулиараа улс төрийн нам жил бүр тогтоосон өдрийн хугацаанд цахим болон бусад байдлаар намын санхүүжилтээ ил болгоно. Тухайн санхүүжилтийн дагуу төрөөс олгогдох мөнгөн дэмжлэг орно.Тухайн нам дүрэм зөрчиж, тайлан гаргаагүй бол намд олгох төрийн санхүүжилтийг хязгаарлаж байгаа хатуу заалтууд орж байгаа.

-Намд хатуу гишүүнчлэлийн асуудал хөндөгддөг. Намын гишүүнчлэлийн асуудлыг шинэ хуульд хэрхэн тусгах вэ?

-Энэ талаар маш их судалгаа хийсэн. Ер нь хоёр талын байр суурь байгаа. Нэгдүгээрт, намын сул гишүүнчлэл буюу Америкийн намын загварчлалаар намын гишүүд сонгуулийн өмнө идэвхиждэг, сонгуулийн бус үеэр намын үйл ажиллагаа парламент, бүлэгт төвлөрдөг. Хоёрдугаарт, Европын намуудын загвар буюу гишүүд дэмжигч нь өргөн хүрээтэй сонгуулийн ба сонгуулийн бус үед нам идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Ийм хэлбэр байгаа. Тэгэхээр Монголд аль тохирох вэ гэдэг судалгаа нэлээд явсан. Хүн ам, газар нутгийн хэмжээнээс харахад бид сул гишүүнтэй байх боломжгүй болчихоод байгаа юм.

Тухайлбал, орон нутагт намын бүтэц байхгүй бол жинхэнэ нутаг ус, ах дүү хамаатан саднаараа дэмжлэг авах, бодлогын өрсөлдөөн байх боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс сул гишүүнчлэл байх боломжгүй, одоогийн хатуу гишүүнчлэлээ тодорхой хэмжээнд барьж үлдэх шаардлагатай гэж үзсэн. Нам үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Намын доторх үйл ажиллагааг цахим байдлаар явуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгнө.

ШИНЭ МЭДЭЭ