МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.01
Уул уурхай, Ашигт малтмал

Н.Энхболд: Хэлэлцээрээр 34%-ийн хувьцааны асуудлыг хөндөж ярих уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

"Оюутолгойгоос гарж байгаа орлогыг эргээд Монголд нь тохиролцсон ёсоороо зарцуулж байна уу? эсвэл бусад алдагдлаа хаах замаар ашиглаж байна уу? Үүнийг хянаж байна уу? гэж асуух гэж байсан. Солонго даргын хариултаас сонслоо.

Хувьцааны хэмжээний талаар хэлэлцүүлгийн явцад ярьж байгаа юу? Бүх асуудал 34%-иас үүдэлтэй. Тэр үед бүгд хамгийн эх орондоо хайртай хүмүүс ярьж байгаад 100%, 50% гэж байгаад Засгийн газраас дээд хэмжээ нь 34% гээд явсан. Үүнийг хэлэлцээрийн явцад хэрхэн авч үзэж байгаа вэ?

Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох тал дээр санал нэг байна. Ингэхээр ил уурхайн бүтээн байгуулалт юугаар цааш үргэлжлэх вэ? Түр зогсох уу?

Сөрөг нэхэмжлэлтэй асуудалд Засгийн газрын байр суурийг зөв гэж үзэж байна. Гэтэл Түр хорооны зүгээс үүнийг 20-иод чиглэл өгсөн байна. Хэлэлцээрээ зогсоогоод сөрөг нэхэмжлэл гаргаад явна гэдэг нь дэмий байх. С.Ганбаатар гишүүний хэлээд байгаа алтан боломж нь бүгдийг зогсоогоод хөрөнгө оруулагчийг хөөж гаргана гэсэн шийдвэрийг шүүх гаргахгүй байх л даа. Хөөж гаргаад бид хэнтэй хэлэлцээр хийх вэ дээ? Энэ бүхний цаана үндэсний аюулгүй байдал гэж том асуудал байгааг хэн ч ярихгүй байна. Энэ их чухал шүү."

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ