Баян-Өлгий аймагт “ЭЕШ-2021-т амжилттай оролцоцгооё” төсөл хэрэгжиж эхэллээ
2021.03.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баян-Өлгий аймагт “ЭЕШ-2021-т амжилттай оролцоцгооё” төсөл хэрэгжиж эхэллээ

Баян-Өлгий аймгийн төгсөх ангийн сурагчид Монгол Улсын гавьяат, зөвлөх, шинжлэх ухааны доктор, Улсын төрөлжсөн олимпиадын аварга багш нараар ЭЕШ-д зориулан тусгай сургалтыг онлайнаар авах боломж бүрдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Elab Education Academy-тэй хамтран Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулан Математик, Монгол хэл, Физик, Хими, Нийгэм, Англи хэлний хичээлүүдээр 6 дугаар сарын 28 дуустал онлайн сургалтыг зохион байгуулах бичил төслийг эхлүүлээд байна.

Баян-Өлгий аймагт 2020-2021 оны хичээлийн жилд 12-р анги төгсөж байгаа нийт 1680 гаруй сурагчид байгаа бөгөөд ковид19-тэй холбоотойгоор сурагчдад ЭЕШ-д зориулсан сургалтыг зохион байгуулах нөхцөл байдал хязгаарлагдмал байгаа юм. Уг төсөл хэрэгжсэнээр Баян-Өлгий аймгийн төгсөх ангийн сурагчид төгсөх ангийн сурагчид маань цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй 150 гаруй багш нараас нэмэлт хичээл авч улмаар элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох, хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой болох юм. Төслийг танилцуулах онлайн уулзалтыг аймгийн боловсролын салбарын төлөөллүүдийг оролцуулж өнгөрсөн 3 сарын 9-нд зохион байгуулсан билээ.

Цаашид боловсролын салбар тэр дундаа Баян-Өлгий аймгийн сургалтын чанарыг дээшлүүлэх, багш нарыг бэлтгэх, чадавхижуулах гэх мэт асуудлаар удаа дараа уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллах болно. Энэ асуудлаар саналаа хүргүүлж байгаа нийт хүмүүстээ баярлалаа. Бид орон зай, цаг хугацаа, эцэг эхийн санхүүгийн чадамжаас үл хамаарах хялбар боловсролын хэрэглэгдэхүүнийг бий болгож, тэгш бус байдлыг арилгахыг зорьж байна.

Жич: Төсөлд бүртгүүлж амжаагүй сурагчид анги удирдсан багшдаа бүртгүүлнэ. Бүртгүүлсэн сурагчид онлайнаар шууд хичээллэж эхлэх боломжтой. Дашрамд дурдахад, анги хамт олноо амжилттай удирдаж ЭЕШ-ын дундаж оноогоороо аймагтаа тэргүүлсэн шилдэг 6 багшид зөөврийн компьютер, ЭЕШ-ын хичээлүүдийн дундаж оноогоороо аймагтаа тэргүүлсэн шилдэг 6 сурагчид 1 сөя төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно.

Амжилтаа ахиулахын төлөө хамтдаа хичээцгээе!

ШИНЭ МЭДЭЭ