ГЗБГЗЗГ-ын дарга Бүгд Найрамдах Куба Улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа
2021.03.03
Гадаад харилцаа

ГЗБГЗЗГ-ын дарга Бүгд Найрамдах Куба Улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү Бүгд Найрамдах Куба улсын элчин Сайд Раул Дэлгадо Консепсионыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд БНКУ-ын GEODESA байгууллагын геодези, зураг зүйн салбарт ГЗБГЗЗГ-тай хамтран ажиллах хүсэлтийг уламжлав.

Түүнчлэн Куба улсын зүүн өмнөд хэсэг ихээхэн хуурайшилттайгаас ган гачигтай, усны хомсдол үүсдэг тул 1959 оноос хойш 109 усан сан байгуулж, борооны ус хуримтлуулж, нутгийн баруун болон төвийн хэсэгт байрлах усан сангуудыг зүүн хэсэгт байрлах усан сан руу урсгаж усны хомсдолоос сэргийлдэг байна. Эдгээр усан санг байгуулах, усны байгалийн урсацыг зүүн хэсэг рүү төлөвлөж, урсгахад геодезийн хэмжилт, газрын зургийг ихээхэн ашиглажээ.

Тэрбээр Куба улсын хөгжил цэцэглэлтэд геодези, зураг зүйн салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн ихээхэн үүрэг гүйцэтгэдэг талаар онцоллоо. Жишээлбэл: Куба улсын 3000 гаруй жижиг аралд аялал жуулчлалыг хөгжүүлснээр жилд 5 сая гаруй жуулчин гадаадаас ирдэг бөгөөд тэдгээр арлууд руу далай дундуур тавьсан авто зам, цэвэр, бохир усны хоолойн шугамыг төлөвлөхөд геодезийн хэмжилт, газрын зураг маш их үүрэг гүйцэтгэсэн. Мөн далайн урсацыг алдагдуулахгүй байхаар тооцож олон гүүрийг төлөвлөж байгуулсан байна.

Куба улсын элчин Сайд манай хоёр улсын байгууллагууд геодези, зураг зүйн салбарт хамтран ажиллаж, Ковид-19 халдварт өвчингүй болсон цаг үед харилцан зочилж, мэдлэг хуваалцаж, туршлага судлахыг санал болгов.

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү манай хоёр улсын байгууллага захидлаар харилцаж хэрхэн, ямар чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаа мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ