http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Ломбардын хүүг гурав, алдангийн хүүг 0.2 хувиас хэтрүүлэхгүй
2021.02.08
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Ломбардын хүүг гурав, алдангийн хүүг 0.2 хувиас хэтрүүлэхгүй

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөреес цөөн зүйлийг тодрууллаа.

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо цар тахалтай холбоотой гурван хуулийн төсөл, хэлэлцээрийг хэлэлцсэн. Энэ талаар тодруулбал?

Цар тахал дэлхий нийтийг хамарсан. Монголд бас нэлээд олон тохиолдол бүртгэгдээд байна. Тийм учраас цар тахлын эдийн засаг учруулж буй хор хохирлыг бууруулах чиглэлээр гол асуудлуудыг хэлэлцсэн. Тухайлбал, ипотекийн зээлийн хүүг бууруулах, банкнаас авсан зээлийн хүүг тодорхой хэмжээнд царцаах , зээлийн хүүг бууруулах, барьцаалан зээлдэх газрын хүүг бууруулах зэрэг асуудалд анхаарал хандууллаа.

Барьцаалан зээлдэх газрын зээлийн хүү 6-10 хувь байдаг юм байна. Тиймээс ирэх долдугаар сарын 1 хүртэл зээлийн хүүг сарын гурав, алдангийн хэмжээг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэлээр УИХ шийдвэр гарган ажиллаж байна.

Цаашид ч гэсэн эдийн засагт учирч буй хохирол, үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг бууруулах чиглэлээр ажиллана. УИХ -д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах түр хороо байгуулсан. Миний бие түр хороог ахалж байна. Ард иргэд рүүгээ чиглэсэн хэд хэдэн асуудлыг боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн.

Цар тахлын тухай хуульд дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Бас УИХ-д түр хороо байгууллаа. Түр хороо сар бүр тус хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж байгаа гэсэн. Хуулийн биелэлт ямар байна вэ?

Түр хороо сард нэг удаа хуралдах журамтай. Журмын дагуу сүүлийн гурван сард гурван удаа хуралдлаа. Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан энэ сарын хурлаа ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар шинээр байгуулагдаж, шинэ сайдууд орж ирж байгаа учраас шууд хуралдах боломжгүй. Сайд нарт мэдээлэл өгөх шаардлага гарах байх. Нөгөөтэйгүүр энэ сарын сүүлчээр ээлжит бус чуулган хуралдах магадлалтай байгаа тул тэр үеэр хуралдахаар төлөвлөж байна. Ерөнхийдөө нийгэм, эдийн засагт учирч буй хор хохирлоос сэргийлэх, ард иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Сарын сүүлчээр болох хурлаар Шадар сайдын мэдээллийг сонсоно. Үргэлжлүүлээд долдугаар сар хүртэл Эрүүл мэндийн болон гадаад харилцааны сайдын мэдээллийг сонсох төлөвлөгөөтэй.

Вакцин авах боломж хэр байгаа юм бэ. Хэдийд оруулж ирэх вэ гэх хүлээлт нийгэмд бий. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

Засгийн газар өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөний дагуу вакцин оруулж ирэхээр ажиллаж байгаа. Вакцин үйлдвэрлэж буй улсуудтай хамтран ажиллаж байна. Мөн вакцин худалдаж авахад шаардагдах эхний санхүүжилтийн асуудлаа шийдчихсэн.

УИХ -ын намрын чуулган завсарласантай холбогдуулан гишүүн тойрогтоо ажиллаж байна. Зарим гишүүд хөдөө орон нутаг руу явсан. Гишүүд 14 хоногийн тусгаарлалтад орохгүйгээр иргэдийн төлөөлөлтэй уулзаж байх шиг байна. Энэ хэр тохиромжтой вэ?

14 хоногийн тусгаарлалтад орохгүй байгаа талаар хариулж мэдэхгүй байна. Миний бие Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэхдээ халдвар холбогдуулан орон нутаг руу явж чадахгүй байна. Орон нутагт очлоо ч хот руу буцах асуудал төвөгтэй. Тиймээс иргэдийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийж байгаа. Цаашид өвчний тархалтаас хамаарч, хөдөө орон нутагт ажиллах эсэхээ шийднэ. Нөгөөтэйгүүр, орон нутагт очсон ч зай барих гэхчлэн уулзах боломжгүй учраас цахимаар ажиллах нь зөв болов уу.

 У.СҮХЭЭ

ШИНЭ МЭДЭЭ