МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.28
Гадаад харилцаа

С.Одонтуяа: Нислэг цуцлагдсан иргэнд мөнгөн тусламж үзүүлэх хуулийн заалтыг дэмжиж өгөөч

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа нарын 10 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. 


 

Төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Одонтуяа 8.1.1 дүгээр заалт буюу гадаадад байгаа иргэдийн асуудлаарх заалтыг дэмжиж өгөхийг хүслээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа

8.1.1. дүгээр заалтыг дэмжиж өгөөч. Өчигдөр Ковидын тухай хуульд маш чухал заалт орсон нь хасагдсан. Гишүүд энэ заалтынхаа учрыг сайн олоогүй юу? зарим гишүүд орилж байгаад унгачихна лээ.

8.1.1 дүгээр заалт нь тусгай үүргийн онгоц ниснэ гээд, иргэдээс мөнгийг нь аваад яг цагаа тохироод байрнаасаа гараад очтол гэнэт цуцалчихдаг. Энэ нь  иргэдийг маш хүнд байдалд оруулдаг.  Энэ иргэдэд тодорхой мөнгөн тусламж үзүүлэх тухай заалт байсан юм. Би их мөнгө нэхээгүй. Мэдээж улс "хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх" ёстой байх. Гэхдээ тодорхой хэмжээний тусламж үзүүлэх ёстой.

 ХЭҮК-оос энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэдэг дүгнэлт гарсан байгаа шүү дээ. ХҮЭК-инйхоо дүгнэлтийг тусгахгүй юм бол энэ байгууллагаа татан буулга гэж хэлмээр байна. Дээрээс нь, гадаадад ямар ч мөнгөгүй амьдарч чадна гэсэн хүмүүс энэ заалтыг унагаж болно. Төрийн албан хаагч, яамныхан та нар таних хүнгүй, мөнгөгүй гадаадад очиж амьдарч ямар байдгийг үзэх хэрэгтэй. Бид чинь гадаадад байгаа иргэдээ дэмжинэ гээд 1 их наяд төгрөг авчихсан байгаа шүү дээ. Дахин хэлэхэд, их бага мөнгө нь хамаагүй гэхдээ энэ заалтыг дэмжиж өгөөч ээ. Нэг гараараа хүний эрх, нөгөө гараараа хүний эрхийг зөрчиж болохгүй шүү. 

Түүнийг саналыг  гишүүд дэмжиж, болзошгүй эрсдлээс шалтгаалан тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд иргэдийн наад захын хэрэгцээг хангаж, байр, хоол болон бусад зайлшгүй мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах боллоо. 

ШИНЭ МЭДЭЭ