МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Мөнх-Оргил: Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн санаачлагч болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Х.Булгантуяа нарын, Ц.Туваан нарын, М.Оюунчимэг нарын гишүүдийн өргөн барьсан 3 хуулийн төслийг нэгтгээд дэмжих нь зүйтэй гэж бодож байна. 2 санаа хэлмээр байна.

1. Хүний эрх, нэр ус хамгаалж, нууцлах асуудал чухал. УИХ, Засгийн газраас цар тахлын үед онцгой дэглэм тогтоосон үед хүний тодорхой эрхүүд хязгаарлагдана. Үүн дээр төрийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүст ялдган хэлж өгөх ёстой. Ямар тохиолдолд хязгаарлах, хязгаарлахгүйг зааж өгөх хэрэгтэй.

2. Онлайнаар сургалт хийхээр зардал эрс багасна гэж байна. Тооцоо судалгаа хийж үзэх нь зүйтэй. Багш нарын цалин, урсгал зардлууд гарсаар байгаа. Яг ямар зардал хэмнэгдэж байгаа харж байж шийдэхгүй бол нийгэмд улсын болон хувийн их дээд сургуулиупд мөнгө хүүлсэн хэдэн нөхдүүд гэж харагдуулах буруу ойлголт төрүүлэх вий.

3. Саяхан Сувилагчдын нэгдсэн холбооны төлөөлөгчид, Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй би уулзсан. Эмч сувилагч нарын хүүхдүүд гэртээ их үлдэж байна. Сургууль, цэцэрлэг хаагдсан. Цагдаа, Онцгойгийнхон ч ялгаагүй. Олон цагаар гэрт нь түгжээд хүүхдүүдээ үлдээдэг. Тиймээс Улаанбаатар хотод эдгээр хүмүүсийн хүүхдүүдэд зориулж сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, бэлтгэх нь зүйтэй.

Ялангуяа Онцгой байдал, Цагдаагийн ажилтнуудад зориулж нийслэлийн 9 дүүрэгт тус бүр 1 цэцэрлэг нээж өгмөөр байна. Эсвэл том эмнэлгүүдийн дэргэд ойрхон байгаа цэцэрлэгүүдийг нээж ажиллуулахгүй бол аюул байна. Үүн дээр М.Оюунчимэг гишүүн бид хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төслүүдийг нэгтгэхдээ энэ асуудлыг онцгой анхаараарай."

Түүний асуултанд хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Туваан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ