МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улс виз мэдүүлэхэд “маш хүндрэлтэй” гэсэн ангилалаас гарна
2021.01.18
Гадаад харилцаа

Монгол Улс виз мэдүүлэхэд “маш хүндрэлтэй” гэсэн ангилалаас гарна

Монгол Улс нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөн ардчилсан шинэ үндсэн хуулиа 1992 онд баталсны дараагаар бусад хууль, эрх зүйг шинэчлэх эх давалгаа явагдсан. Үүний нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух харилцаа болон тэдний эрх үүргийг тогтоосон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 1993 онд анх баталсан байна.

Түүнээс хойш 2010 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаас хойш 2012, 2013, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Харин энэ удаад төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж байгаа цаг үед гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг мөн цахим хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Виз олгох үйлчилгээг цахимаар олгох боломжтой болсонтой холбоотойгоор зохицуулах эрх зүйн үндсийг энэ хуулиар бий болгож, Монгол Улсын визийн тухай ойлголтыг өргөтгөн, визийн ангиллыг төрөлжүүлж, олшруулах боломжийг бүрдүүлээд байна.


Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Монгол Улсын Их Хурлаас шинэ оны босгон дээр /2020.12.31/ баталлаа.

Визийн зохицуулалт: 

Улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Визийн ангилал:

Хуулиар бус Засгийн газар тогтоох, ингэхдээ үндэсний аюулгүй байдлыг бататгах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих гэсэн эрх ашгийн эрэмбийг алдагдуулахгүй байх зарчмыг баримтлахыг эрх олгосон заалтад тусгаж, визийг хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болно.

Мөн Монгол Улсын хилээр нэвтрэх гадаадын иргэдийн хурууны хээ, биеийн давхцахгүй өгөгдлийг хилийн боомтуудад авч, зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудал, орон нутгийн байгууллагууд бүртгүүлэх зохицуулсан.

Виз мэдүүлгийн төв:

Уг хуульд виз мэдүүлгийн төв байгуулах, ажиллуулах зохицуулалтыг шинээр тусгасан. Визийн төв ажиллуулснаар виз олгож буй техник ажлыг дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хариуцахгүй болж, хэмнэсэн цаг, хүн, хүчийг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд түлхүү чиглүүлнэ.

Хуульд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн этгээдийг улсын хилээр оруулахгүй байх, дээрх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах тухай болон хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 140 орноос Монгол Улс  нийлбэр дүнгээр 93 дугаарт,

  • “Олон улсад нээлттэй байдал” буюу жуулчны виз олгох нөхцөлийн үзүүлэлтээр 128-д,
  • “Газрын боомтын дэд бүтцийн хөгжил” үзүүлэлтээр 126-д,
  • “Жуулчны үйлчилгээний дэд бүтэц” үзүүлэлтээр 105-д,
  • “Агаарын тээврийн дэд бүтэц” үзүүлэлтээр 97 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.

Иймд виз олгохтой холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх, шийдвэрлэх замаар Монгол Улс олон улс болон бүс нутагтаа өрсөлдөх чадвараа дээшлүүлж, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх шаардлага үүссэн юм.

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын виз олголтын талаарх тоон мэдээлэл

Монгол Улсын визийн хүчинтэй хугацаа нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй богино байгаа бөгөөд энэ нь олон улс орноор дамжин аялал хийж байгаа болон аяллаа эртнээс төлөвлөдөг гадаад иргэдийн хувьд хүндрэл үүсгэдэг тул үүнийг өөрчилж олон улсын жишгийн дагуу визийн хүчинтэй байх хугацааг одоо байгаагаас уртасгах нь гадаадын иргэдэд учрах хүндрэлийг бууруулах, тоог нэмэгдүүлэх давуу талтай юм.

Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор бүртгүүлдэг байхаар гадаадын иргэдийн бүртгэлийг хуульд тусгасан байна. Гэтэл дэлхийн улс орнууд техник технологийн хөгжлийг ашиглан гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед бие давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээ, царай, нүд зэргээр бүртгэж байгаа бөгөөд энэ нь гадаадын иргэнд бий болдог хүнд суртлыг бууруулах, төр нэгдмэл, үнэн мэдээллийн сантай болсноор хяналтын тогтолцоог сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймд Монгол Улсын гадаадын иргэний бүртгэлтэй холбоотой зохицуулалтыг өөрчилж хилийн боомтоор нэвтрэх үед биеийн давхцахгүй өгөгдлийг авч бүртгэдэг байх, гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор тэдгээрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн байгууллагад цахимаар бүртгүүлдэг байх, оршин суугч гадаадын иргэнд бүртгэлийн дугаар олгох, гадаадын иргэнийг урьсан хугацаанаас үл хамааран уригчийн хариуцлагыг дээшлүүлэх зохицуулалтыг хуульд оруулжээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын тоон мэдээллээр жилд ойролцоогоор 24000 орчим гадаадын иргэн түр ирэгчийн статустайгаар бүртгүүлдэг байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай асуудлыг зохицуулдаг ч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаантай иргэнийг албадан гаргахаас чөлөөлөх тухай асуудлыг зохицуулалтгүй орхигдуулсан байсан юм. Гэтэл практикт гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох, гадаадын иргэний гэр бүлийн болон хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, эрүүл мэнд зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас визийн хугацааг хэтрүүлсэн байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд зохицуулалтгүй хэдий ч албадан гаргах ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь хүний эрхийн наад захын зарчмыг алдагдуулахад хүргэж байсан. Тиймээс албадан гаргах, саатуулах гэх мэт зохицуулалтыг нарийвчлан тусгасан юм.

Ийнхүү хууль батлагдсанаар гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ хөнгөн шуурхай болж улмаар гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын иргэний виз, бүртгэлийн тогтолцоо боловсронгуй болж, олон улсын жишигт нийцэхийн зэрэгцээ, эдгээрийг дагалдан гадаадын иргэдэд хяналт тавих механизм сайжрах зэрэг эерэг үр дүн гарна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 176 мянган иргэн гадаадын 70 гаруй улсад оршин сууж байна. Хилийн чанадад суугаа Монгол Улсын 44 Дипломат төлөөлөгчийн газарт 300 орчим дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтан ажиллаж байгаагаас иргэдийн консулын асуудлыг ердөө 80 орчим ажилтан хариуцаж, иргэний бүртгэл, нотариат, виз, иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэгт холбогдсон, саатуулагдсан, ял эдэлж буй иргэдийн асуудлыг шийдвэрлүүлэх зэргийг анхаарч ажиллаж байна.

Нийт 30 ЭСЯ-ны 6 нь Консулын хэлтэстэй бөгөөд уг хэлтэс 2-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Гадаадад зорчих, суралцах, ажиллах, оршин суух монгол иргэдийн тоо жил бүр өсөж байгаатай холбогдуулан ДТГ-уудын ачаалал нэмэгдэж, консулын үйлчилгээ жилд дунджаар 20 гаруй хувиар тогтмол өсөж байна. Түүнчлэн, Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн тоо өсөж, тэдэнд Монгол Улсын визийг шуурхай, чирэгдэлгүй олгох ДТГ-ын хүрэлцээ, хүн хүч хангалтгүй байна.

Иймд Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төвийг байгуулах нь оновчтой шийдэл болсон гэж хууль санаачлагчид болон салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас буюу ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж 2020 оны гуравдугаар сард УИХ-ыд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн ахалж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан юм.

ШИНЭ МЭДЭЭ