МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Улстөр

Л.Мөнхбаатар: Үндсэн хуулийн заалтыг амилуулж буй хуулийг хүчингүй болгож болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

"Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй байна. Түүнчлэн хуралдаан даргалагчид хандан уг хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүсэн горимын санал гаргаж байна. Дэмжихгүй байгаа шалтгаан нь Захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа хэдий ч томоохон зарчмын шинжтэй асуудлыг хөндөж байгаа юм. Яагаад гэхээр 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгохоор орж ирж байна. Үнэн чанартаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль бол Үндсэн хуулиас эх сурвалжтай хууль юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний үндсэн эрх болох төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж, хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага албан тушаалтан хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэсэн заалт юм. Тиймээс Үндсэн хуулийг амилуулах зорилготой хуулийг хуучирсан, 20 гаруй жил болсон. Тиймээс өөр хуульд нэгтгээд явна гэж хандаж болохгүй. 

Түүнчлэн Үндсэн хуулиар олгосон хүний эрхтэй холбоотой заалт бүхий хууль учраас бие даасан хууль байх ёстой. 

Захиргааны ерөнхий хуультай нэгдэхээр хуулийн үйлчллэл явцуу болно. Учир нь захиргааны бус байгууллагууд олон бий. Ингэхээр иргэдийн үндсэн эрх зөрчигдөнө. Төсөлд холбогдох байгууллагуудаас авсан санал байна. Ерөнхий Аудитороос ирсэн саналыг харахаар захиргааны бус байгууллагад гаргасан өргөдөл, гомдолтой холбоотой харилцаа эрх зүйн зохицуулалтгүй болохоор байна гэж оруулсан байна. Би үүнтэй санал нийлж байна."

Түүний асуултанд ХЗДХЯ-ны газрын дарга П.Сайнзориг  хариуллаа. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэмэлтээр асуулт асууж, санал хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ