2021.01.14
Эдийн засаг, Худалдаа
Ц.Мөнх-Оргил: Бохир эх үүсвэртэй мөнгө орж ирэхээс сэргийлэх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
"Хуулийг бүхэлд нь дэмжиж байгаа. Маш чухал зохицуулалтууд орж байгаа. Надад 2 асуулт, 2 санал байна.
1. Манай нөхцөлд 20 хувь арай бага биш үү? Бусад улс орнуудын хувьд 20% их өндөр босго. Том банк, дүрмийн сан өндөртэй учраас. Манайх бага дүрмийн сантай хэдэн банк байна.
2. Ковид-19 цар тахлаас болж дараагийн 2-3 жил үр дагаварыг нь амссаар байгх юм шиг байна. Эдийн засаг ирэх жилүүдэд хүнд зам туулна. Ийм үед том хэмжээний өөрчлөлт хийх, банкны салбараас гадна бусад салбарууддаа сөрөг, эерэг ямар үр дагавар авч ирнэ гэж тооцож байна вэ?
Хоёр санал байна.
- Хувьцаа эзэмшигчдийг, өмчлөгчдийг олон болгох сайн муу талтай. Сайн талыг нь бид яриад байна. Муу тал нь юу гэхээр өмч, өмчлөгч 2 сална. Ингэхээр дунд нь хөлсний менежерүүд гарч ирнэ. Тэдний сайн тал байх ч муу тал бий. Богино хугацааны стратегитэй ажиллана. Урт хугацааны хөгжлийн асуудал хаягддаг. Үүн дээр ямар бодол байна вэ?
- Одоогийн байдлаар банкуудын 20, 20% гээд үлдсэнийг нь Хөрөнгийн бирж дээр гаргана гэхээр банкуудын хувьцаа авч чадах тайлан татвараа төлсөн мөнгөтэй хүн цөөхөн байх. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх байх. Ингэхээр гаднаас ирэх болзошгүй хөрөнгийн эх үүсвэрийг яаж баталгаажуулах вэ? Үүнийг анхаараарай. Аюул болно шүү. Банкны хувьцаа эзэмшигчдээ олон болгож, засаглалаа сайжруулах гээд эх үүсвэр ойлгомжгүй, бохир эх үүсвэртэй мөнгө Монголд орж ирэх вий гэдгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо асар их хариуцлагатай байхыг шаардаж байна."
Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.