Ц.Мөнх-Оргил: Шүүгчид ирэх хоёр, гурван жилийн дотор өөрсдийгөө дотроосоо цэвэрлээрэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.24/ хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Энэ зааланд сууж байгаа хүмүүс хоёр юмыг мэдрээд байгаа. Шүүгч гэдэг маш хэцүү ажилтай хүн байдаг. Тэгэхдээ бид нар үүнийг нь ойлгож байгаа учраас нийгмийн хамгааллын асуудал, энэ хуулиараа шүүгч нарыг хамгаалах, хараат бус байх бололцоог нь бүгдийг бүрдүүлэхийн төлөө их зүйл хийсэн. Цаашид ч гэсэн нийгмийн асуудал, цалин хөлсний асуудлыг Засгийн газарт оруулаад ир гээд, Х.Нямбаатар сайдын хэлж байгаа ачааллыг бууруулах, жижиг хэргийн маргааны шүүх байгуулах гээд энэ ажлуудыг бид хийнэ. Үүнд та нар итгэлтэй байж болно.
Манай шүүгч нар нийгмээс тас вакуумжсан байна. Бид нарыг вакуумжсан гээд байдаг бид нар иргэдтэйгээ холбоотой байдаг юм байна. Шүүгч нар бол хүнтэй уулзаж болохгүй гэсэн хуулийн шаардлагаа дагаад бүрэн вакуумжсан байна. Хуулийн төсөл хэлэлцэж байхад, ажлын хэсэг дээр ажиллаж байхад бид нар огт нөлөөнд автагддаггүй. Улстөрийн нөлөө, мөнгөний нөлөөнд ч автагддаггүй гэж байсан. Хэн автагдаад байдаг юм бэ гэж байсан. Энэ нь шүүгчид өөрсдийгөө яаж үнэлээд байгаа, нийгэм шүүгч нарыг яаж үнэлээд байгаа хоёрын хооронд асар их зөрөө гарчихаад байна.
Тэгэхээр үүнд дүгнэлт хиймээр байна. УИХ Монголын шүүх, шүүгч нарт боломж олголоо шүү. Одоо та нар 2,3 жилийн дотор өөрсдийгөө дотроосоо цэвэрлээрэй. Цэвэрлэж чадахгүй бол энэ зааланд ярьж байгаа хүмүүсийн бухимдал, уур хилэнцэл, та нарт хаяад байгаа хатуу ширүүн үг бол бид нарын үг биш шүү. Бид нар дамжуулагч нар. Нийгэм өөрөө та нарт бухимдаад, уурлаад, гомдоод байна. Үүний үр дүнг тооцоорой. Хэрвээ 2,3 жилийн дотор ажлаа цэгцэлж чадахгүй бол УИХ дараагийн алхам хийхээс өөр аргагүй болно. Бүтнээр цэвэрлэх тал руугаа явна шүү. Үүнийг боломж гэж ойлгоорой.
Түүний асуултанд Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт хариуллаа.
Шүүгч нар мэдээж өөрсдөө тангараг өргөсөн өөрийн ажил төрөл, нэр төртэй хүмүүс байгаа учраас өргөсөн тангараг, нэр хүндээ бодож ажилладаг. Тодорхой хэрэг дээр гарсан нөлөөллийн асуудал ярьж байна уу? Эсвэл төсөөллийн нөлөөлөл ярьж байна гэдэг асуудал өөрөө хол зөрүүтэй. Шүүхээр үйлчилүүлсэн иргэд, иргэд шүүхийг нөлөөнд автдаг эсэх талаар хэлж байгаа, шүүхэд итгэж байгаа хувь бол өөр тоо гардаг. Шүүхээр үйлчлүүлээгүй дамаар ярьж байгаа тоо бол доогуур гардаг.