Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийг байгууллаа
2021.01.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байгалийн ургамлыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, ургамлын генетик нөөцийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, ургамлын тархац, нөөц тогтоох, судалгаа хийх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн.

Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Байнгын хорооны энэхүү тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ц.Туваан, Г.Тэмүүлэн нар ажиллана.  

ШИНЭ МЭДЭЭ